
Өвөрхангай аймгийн Уянга суманд алт олборлодог иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Учир нь урт нэртэй хуулийн хэрэгжилтээс болоод тэд олборлолтоо хийж чадахгүй байдалд хүрээд байгаа ажээ. Тиймээс энэхүү хуульд нэмэлт өөрчлөлт оруулж тэдгээр иргэдийн амьдралын баталгааг хангаж өгөхийг хүсч байгаа юм. Уянга суманд хаягдал нөөцөөс олборлолт хийдэг 30 гаруй ААН байдаг бөгөөд нийт 1600 гаруй ажилчидтай ажээ. Тэд анх 2006 онд “Эрэл” ХК-тай гэрээ хийж тус компанийн орхисон хаягдал шорооноос дахин олборлолт хийж эхэлжээ. Ингэхийн тулд “Нинжа” буюу хувиараа алт олборлож байсан иргэдээс сонгож, тэднийг уул уурхайн чиглэлээр сургасан байна. Үүгээр зогсохгүй тэд хаягдал шорооноос олсон ашгаараа ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх, сум орон нутгийнхаа хөгжилд нэмэр хандив болох, газар шороогоо нөхөн сэргээх гээд олон зүйлийг хийж хэрэгжүүлснээ энэ үеэр хэлж байсан юм. Тэд 2006 оноос хойш өөрсдийн хөрөнгө хүсээр 108 га газарт техникийн нөхөн сэргээлт хийжээ. Харин одоогийн байдлаар олборлолт хийхийг нь хориглочихсон учир нутгийн иргэд, ажилчид нь буцаад “нинжа” болж байгаа учраас энэ байдлыг эргэн харж, хаягдал шорооноос олборлолт хийхийг нь хуулиар зохицуулж өгөхийг хүсч байгаа ажээ. Тэд салбарын яам, УИХ, Засгийн газарт мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд одоогоор ямар нэгэн хариу ирээгүй байгаа юм байна.
Т.ДАРХАН