
Шведийн нийслэл Стокгольм хотын захад цагаачид голдуу амьдардаг дүүргээс эхэлсэн үймээн самуун тав дахь өдрөө үргэлжилж байна. Олон нийтийг хамарсан үймээний хөлд олон тооны автомашин, байшин барилга өртөн галд шатаад байгаагийн дунд хоёр сургууль, цагдаагийн газрын байр байгаа гэнэ. Үүнтэй холбоотойгоор Стокгольм хотын олон зуун гал сөнөөгчид, цагдаа нар тав дахь өдрөө амрах ч завгүй ажилласаар байгаа аж. Шведийн нийслэлийн захын Хюсбю гэх дүүрэгт өнгөрсөн ням гаригт 69 настай эрэгтэй цагдаагийн ажилчдыг заналхийлсний улмаас цагдаа нарт буудуулж, амь үрэгдсэнээс эхтэй үймээн самуун өдгөөг хүртэл бүрэн дарагдаагүй байна. “Associated Press” агентлагт мэдээлснээр өчигдрийн байдлаар эмх замбараагүй байдал Стокгольм хотын захын Норсборг, Тенста, Киста зэрэг дүүргийн оршин суугчдыг хамраад байгаа аж. Уурлаж бухимдсан оршин суугчид эд хөрөнгийг галдан шатаахын зэрэгцээ цагдаа нарын эсрэг хүчтэй эсэргүүцэл үзүүлж байна. Шведийн албаныхны мэдээлснээр олон нийтийг хамарсан үймээн самууны улмаас хорь гаруй хүн баривчлагдан, олон тооны өмч хөрөнгө галд шатаад байгаа боловч хүн гэмтэж бэртээгүй гэнэ.
Шведийн хотын захын Хюсбю дүүрэг 12 мянган оршин суугчидтай бөгөөд үүний 80 хувь нь цагаач, дүрвэгчид байдаг байна.
Б.АНХТУЯА