Филиппиний нийслэл Манила хотноо шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өргийн мэдээллийг хүргэе. Эмэгтэйчүүдээс их мастер Б.Мөнгөнтуул ээлжит хожлоо авснаар 3.5 оноотой болж Азийн аваргыг ганцаараа тэргүүлж эхлэв. Түүний араас гурван оноотой хоёр шатарчин нэхэж байгаа юм. Харин тус бүр нэг хожил аваад байсан ФИДЕ мастер У.Лхамсүрэн, Б.Ану нар дөрөв дэх өрөгт өрсөлдөгчтэйгээ оноо хуваажээ. Тэгвэл эрэгтэйчүүдээс их мастер Ц.Батчулуун хожиж, олон улсын мастер Г.Мөнхгал, ФИДЕ мастер С.Билгүүн нар тэнцсэн бол их мастер Б.Гүндаваа, спортын мастер Б.Галмандах нар хожигдсон байна. Уг тэмцээний эхний таван байрт шалгарсан эрэгтэйчүүд дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авна. Харин эмэгтэйчүүдийн хувьд зөвхөн түрүүлсэн нь л дэлхийн цомд өрсөлдөх боломжтой болох юм. Дэлхийн цомын тэмцээнийг хоёр жилд нэг удаа зохион байгуулдах бөгөөд эрхээ авсан эрэгтэй 128, эмэгтэй 64 шатарчин хасагдах системээр өрсөлддөг ажээ. Уг тэмцээнд манай улсаас их мастер Б.Мөнгөнтуул 2008, 2010 онуудад өрсөлдөж тухай бүртээ нэг давж шилдэг 32 үлдэж байв.
“СПОРТЫН ШУУДАН” сонин