Засгийн газраас бондын эх үүсвэрээс Тавантолгойн цахилгаан станц, “Гудамж”, “Монгол ноосон даавуу”, “Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл” , “Сүү, сүүн үйлдвэрлэл”, “Өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулах” төсөл, “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр”, “Шинэ төмөр зам” төсөл гэх мэт төслүүдийг санхүүжүүлэхээр шийдэж, эхний санхүүжилтийг шилжүүлсэн байна. Авто болон төмөр замын төслүүдийг санхүүжүүлснээр үр дүн нь нэн даруй харагдахгүй, үргүй зардал болох мэтээр шүүмжлэгсэд цөөнгүй байна. Тэгвэл өрхийн төсвийн хэмжээнд тооцоолоод үзье. Хэрэв та их хэмжээний санхүүгийн боломжтой болбол бүгдийг өнөө маргаашийн хэрэглээнд зарцуулаад өнгөрөх үү, ирээдүйд ашгаа өгөх хөрөнгө оруулалтыг чухалчлах уу. Үүнтэй агаар нэгэн зарцуулалтыг бондын мөнгөнөөс харж болох юм. Нэгэнт хөдөлсөн галт тэргийг хүчлэн зогсоохын тулд гар тормозыг бий болгосон. Тэгвэл бондын зарцуулалтад гар тормоз хэрэгтэй юү. Санхүүжилтэд нь хяналт тавих нь зөв боловч санхүүжүүлээд эхэлчихсэн бүтээн байгуулалтыг зогсоох нь хэнд ч ашиггүй биз ээ.
Бондын санхүүжилтэд “гар тормоз” хэрэггүй
Бондын мөнгийг амь оруулах цаг болоогүй юу хэмээн шүүмжилж байсан хүмүүс олон бий. Тэд гадаад зах зээлээс босгосон бондын мөнгийг зарцуулахгүй суусаар өрөнд орлоо хэмээн давчдаж байсан бол одоо харин буруу зүйлд зарлаа хэмээн шүүмжлэх болов. Монгол Улсын Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын Засгийн газрын үнэт цаасыг 2012 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр арилжиж, үнэт цаас борлуулсаны орлого нь 2012 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Монголбанк дахь Засгийн газрын дансанд орсон байдаг. Хүүг хагас жил тутамд нэг удаа төлөх бөгөөд эхний таван жилийн хүү нь 71.9 сая ам.доллар байх юм. Энэхүү бондын мөнгө нь Засгийн газрын хувьд өр төдийгүй өр төлбөр нь өнөөгийн Засгийн газарт бус дараагийн Засгийн газарт бууна гэсэн болгоомжлол сөрөг хүчнийхэн дунд түгээмэл байлаа. Ийн болгоомжлохын учир юу вэ. Урьд өмнө нь энэ мэт болгоомжлол байсан уу гэсэн асуулт урган гарч байна. “Чалко”-гийн гэрээ, 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр гээд араасаа нэхэлтэй гэрээ хэлцлүүдээс санаа сэдэл аваад болгоомжилж эхлэв бололтой. Гарал үүсэл өөрсдөөс нь эхтэй гэрээний сургамж ийн болгоомлоход хүргэсэн байж болно. Тэгвэл дараагийн Засгийн газар хэн хэнээс бүрдэхийг хэрхэн тооцоолсон нь бас сонирхол татна. Ямартай ч сөрөг хүчин үүргээ биелүүлж бондоос болгоомжлуулж амжлаа. Харин энэ мөнгө юу юунд зарцуулж байгаа вэ гэдгийг доор сийрүүлье.
М.СУРА