Түүнд шорон биш эмчилгээ хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2013.05.24-нд нийтлэгдсэн

Түүнд шорон биш эмчилгээ хэрэгтэй

Бурхнаар бөөлждөг бүсгүйн хэргийг прокурорт шилжүүлжээ. Сайтуудад тавигдсан мэдээний доор үлдээсэн сэтгэгдлүүдийг харахад тавласан, доромжилсон, гутаасан өнгө аяс илэрхий байна. В.Мөнгөнчимэг гэх бүсгүйг шоронд оруулчихвал монголчуудын бах тав ханах бололтой юм. Үнэндээ тэр бүсгүйн хувьд бусдад болоод улсад учруулсан хор хохирол гэж юу ч байхгүй. Сэтгэхүйн гэнэн тэнэгийг нь ашиглан, од болох хүсэл дээр нь дөрөөлж хэн нэгэн В.Мөнгөнчимэгээр тоглочихсон хэрэг шүү дээ. Тэр одоо сумандаа байтугай Монголдоо багтах шингэх газаргүйгээр  адлуулж байгаа нэгэн билээ.

Тэгвэл монголчуудыг төөрөгдүүлж, дэлхий сөнөнө гэж айлгаж байгаад номоо зарчихсан нэгэн сэргэлэн хатагтайг яагаад цагдаагийнхан шалгахгүй байгаа юм бол. Үүнийг ч бас хууль хяналтынхнаас лавлаж, тодруулах нь зөв биз. Лекцийг нь сонсч,  номыг нь худалдаж авахгүй бол горьгүй шүү гэр сүрдүүлж байгаад багагүй мөнгө халааслаад авсан “Орифлейм”-ийн эзэн яагаад бусдын хохирлыг барагдуулахгүй байгаа билээ. Миний нэг танил түүнд хууртагдаж авдар лаа аваад “шатсан” явдал ч бий.

Хөдөөх буйд сумын, тэртээх уулыг өнгөрвөл айлгүй хэмээн бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй хэмээн сэтгэж суугаа Хөвсгөлийн бүсгүйгээс илүү улсад гэм хор учруулчихаад ямар ч гэм шийтгэл эдлэхгүй татварын мөнгөөр цалинжиж яваа хүмүүс Монголд бишгүйдээ л нэг байна. Зарим нэг нь цэцийн малгай өмсчихөөд хууль, хяналтынханд “салаавч” үзүүлчихээд хээв нэгхэн алхаж яваа.
В.Мөнгөнчимэгт бусдыг залилан, мэхэлсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд шүүхээс буруутай гэж үзвэл хөдөлмөрийн доод хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэн мөнгөөр торгох эсвэл гурав хүртэлх сарын хугацаатайгаар хорих ялаар шийтгэх юм байна. Ингэхэд надад хууль хяналтынхнаас асуух нэг асуулт байна. Тэр бүсгүйд хэн итгээд, хэдэн төгрөгөөр хохирчихсон юм бэ. Хэн гэдэг хүний хөрөнгө мөнгийг завшиж, хичнээн хэмжээний хохирлыг улсад учруулчихсан хэрэг вэ. Миний ойлгож байгаагаар бол Хөвсгөлийн бүсгүйд хууртсан хүмүүс бараг л байхгүй болов уу. Тэр нэгэн хөөрөлхүү тэнэг сэтгүүлчийг, тэнд байсан хэдэн хөдөөний нөхдийг эс тооцвол шүү дээ. Харин ч нэг хэсэгтээ л монголчууд зугаацах сэдэвтэй хошин шогийнхон үзүүлэх үзүүлбэртэй болоод авсан байх. Тэгвэл “Орифлейм”-ийн эзэн хатагтай дэлхий сөнөхөөр далимдуулж, хэчнээн хэмжээний ашиг олсныг тооцоод гаргаад ирсэн хууль хяналтынхан гэж байна уу. Г.Оюунгэрэлийн гал хам “Чингис хаан”-ын П.Давааням, олон хэл мэддэг гэж бусдыг сэнхрүүлдэг Арго нарыг цагдаагийнхан шалгаж байсан уу. Цаашлаад улсын мөнгөөр казинодож, 14 тэрбумаар гараа угаачихсан нөхрийг шоронд гурван жил ч суулгалгүй өршөөлөөр суллачихсан явдал байгаа. Ц.Чимидцэрэн болон түүний хань, хамсаатангуудын Хадгаламж банкинаас идэж уусан 14 тэрбум төгрөгийн 13,8 тэрбумын хохирлыг төрөөс барагдуулсан байдаг.

Уур бухимдал, айдас хүйдэс, ядуурал, ажилгүйдэл, үнийн өсөлтөд нэрвэгдсэн Монголын нийгэмд В.Мөнгөнчимэг шиг гэнэн тэнэг, сэтгэцийн өөрчлөлтэй хүмүүс цөөнгүй байгаа. Тэр болгонд хариуцлага тооцоод, ял оноогоод яваад байх уу. Бурхнаар бөөлждөг бүсгүй бол Д.Дожоодорж гуайн “Алтаг цөгц”-ний явдалтай л адилхан хэрэг шүү дээ. Тиймээс бүсгүйг гэмтэн гэхээсээ илүү өвчтөн гэдгээр нь харах ёстой болов уу. Хэрэв тэр эрүүл сэтгэхүйтэй хүн байсан бол ийм ичмээр үйлдэл хийж ирээдүйгээ баллахгүй байлаа. Насан туршдаа бурхнаар бөөлждөг гэсэн нэр хоч зүүхгүй байсан. Ядуурал, ажилгүйдэл, бухимдал, стресст орсон энэ нийгмийн л нэг золиос, нэг өнгө төрх. Илэрсэн нь энэ болохоос бусдын өвчин зовлонгоор тохуу хийж бяжсан бөө, лам нар хаа сайгүй л байгаа шүү дээ.

Түүнд ял оноох шиг амархан юм байхгүй. Харин түүний тэр сэтгэхгүйн өвчнийг нь хэн эмчлэх ёстой вэ. Монголд иймэрхүү сэтгэгцийн өөрчлөлттэй хүмүүсийг “Шар хад”-ны эмнэлгээс  өөр эмчлэх газар байдаггүй. Хэрвээ аймаг, дүүрэг, сум болгон сэтгэлзүйн эмчилгээ хийдэг байсан бол В.Мөнгөнчимэгийг хуулийнханд биш эмчид л даатгаад орхичих ёстой юм. Харамсалтай нь Монголын хуулийнхан энгийн иргэдэд эрэлхүү байдаг хойно доо, В.Мөнгөнчимэгт бусдыг залилсан хэргээр гэм бурууг нь хүртээх нь тодорхой биз дээ.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж