
Хятад улс агаарын бохирдлоо бууруулахаар арга хэмжээ авч байна гэж хэлдэг ч Линфен хотоос тэр арга хэмжээг олж харсангүй. Энэ хотруу очихоосоо өмнө бид Линфен хот болон Шанкси мужийн тухай олон зуун зураг үзэж, урьдчилсан мэдээлэл авсан байсан. Гэсэн хэдий ч биеэрээ очиж үзэхэд агаар хэрхэн бохирдсон нь үнэхээр барьц алдмаар, уулга алдам байлаа.
Нар шингэх ёстойгоосоо эрт шингэж, хотын дээгүүрх утаан хөшгиний цаагуур далд орно. Оршин суугчид нь ачааны машинуудын явдалд дунд замын хажуу талаар унасан байж магадгүй нүүрс хайн таваргацгаах ба нүцгэн гараараа нүүрс барина. Сургуулийн хүүхдүүд нь үйлдвэрүүдийн яндангаас зогсоо завгүй оргилох утаан дунд тоглоцгооно. Настай хүмүүс нь ярих хоорондоо байнга бөгшүүлж ханиах бөгөөд энд уушигний өвчин их өргөн бололтой. Линфен хотын оршин суугчид агаарын бохидлоос эрүүл мэндэд учирж болох эрсдэл нэмэгдэж байгааг ойлгож байгаа бөгөөд зарим нь хотоо орхин нүүцгээсэн гэнэ. Харин ихэнх нь хотдоо үлдэхийг сонгосон бололтой.
Гамшигт байдлаараа номер нэгт орж хэвлэл мэдээллийн анхааралт өртсөн тус хотын агаарыг цэвэршүүлэхэд Хятад анхаарал хандуулж байгаа хэдий ч асар их хүн амтай тус улсад байгаль орчны асуудал тийм ч хурдан, хялбар шийдэгдэхгүй бололтой. Хятадыг байгаль орчноо хамгаалалгүйгээр аж үйлдвэржиж байна гэж буруутгах амархан хэдий ч Аж үйлдвэржилтийн эрин эхэлснээс хойш ийм үзэгдэл дэлхийн олон оронд давтагдаж байсан юм.
Дэлхийн эдийн засаг даяаршсан болон Хятадын асар их хүн ам Хятад дахь байгаль хамгаалал, хүрээлэн байгаа орчны бохирдлын асуудлыг илүү хурц, илүү өргөн хүрээтэй болгож байна. Ямартай ч Хятад байгаль орчноо хамгаалахад илүү их зүйл хийх хэрэгтэй байна. Нью-Йорк, Линфен хот хоёр дэлхийн хоёр өнцөгт хоорондоо холбоогүй мэт боловч дэлхийн эдийн засгаар дамжин холбогдож байгаа бөгөөд хэрвээ бид ирээдүйгээ Линфен хот шиг болгохыг хүсэхгүй бол Линфен шиг хотуудад илүү их анхаарал тавих хэрэгтэй байна гэж Нью-Йоркт байрладаг “VBS.TV”-ийн сурвалжлагчид бичиж байна.
Т.Бадрах