Хүүхдийн лэптопыг таблет болгоно

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Хүүхдийн лэптопыг таблет болгоно

Хөгжиж буй орнуудын хүүхдүүдэд зориулсан 100 ам.долларын OLPC XO лэптопын шинэ хувилбар нь таблет болох ёстой гэнэ. Харин үнэ нь “One Laptop Per Child” буюу “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрөөс тогтоосон 100 ам.долларын оронд 75 ам.доллар болох ажээ. Хөтөлбөрийн тэргүүн Николас Негропонтегийн мэдэгдлээс үндэслэн энэ тухай Fortune бичжээ.

XO-3  хэмээн нэрлэсэн шинэ төхөөрөмж нь нэг эсвэл хоёр видео камертай бөгөөд сүлжээнд Wi-Fi модулийн тусламжтайгаар холбох ба өндөр нягтшилтай видео бичлэг болон гурван хэмжээст видеог гаргах чадалтай байх аж. Түүнчлэн XO-3 таблет компьютерт гар болон хулгана залгаж болох гэнэ.

Таблетыг бүтээж байгаа OLPC-тай хамтран “Marvell” компани Moby гэх суурийг нийлүүлж байгаа гэнэ. Одоо үнэ нь 99 ам.доллар байгаа боловч 2011 онд 75 ам.доллар хүртэл буурах юм.

Уг таблет нь Android үйлдлийн системээр ажиллах ба хоёр сая орчим цахим номыг үнэгүй үзэж болох ажээ.

“One Laptop Per Child” хөтөлбөрийн зорилго нь дэлхийн хүүхэд бүрийг компьютераар хангах явдал юм. Анхны OLPC XO лэптопууд 100 ам.долларын үнийн хүрээндээ багтаагүй ба арай гэж 200 ам.доллараас буулгаж чадсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж