Төв Ази дахь эрчим хүчний олборлолтын өрнөл | News.MN

Төв Ази дахь эрчим хүчний олборлолтын өрнөл

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Төв Ази дахь эрчим хүчний олборлолтын өрнөл

Төв Ази ашиглагдаагүй байгаа газрын тос, байгалийн хийн баялаг болон олон улсын компаниудын өмнө нээлттэй байгаа байдлаараа дэлхийн эрчим хүчний хэрэглээнд чухал байр суурь эзэлж байна. Каспийн тэнгисийн гурван бүгд найрамдах улс болох Азербайжан, Казахстан, Туркменистан гурав ойролцоогоор 50 тэрбум баррель газрын тосны нөөцтэй байгаа нь дэлхийн батлагдсан газрын тосны нөөцийн 3.5 хувь болж байна. Түүнчлэн эдгээр улсуудад 12.5 триллион куб метр байгалийн хий байгаа нь дэлхийн нөөцний 6.8 хувь болох юм. Уг бүсэд олон баялаг ордууд байдгаас дурдвал Казахстаны Кашаганыг дэлхийн хамгийн том тэнгисийн орчин дахь газрын тосны орд гэж тооцож байгаа бол Туркменистаны Ёлотеныг байгалийн хийн дэлхийн хамгийн том гурван ордын нэг гэж үзэж байна. Энэ ордуудыг тал бүр тийш дамжуулах хоолойгоор холбож байгаа бөгөөд Хэдийгээр Хятад өөрийн оронлуу аль болох их газрын тос, шатдаг хий авахаар оролдож байгаа ч эдгээр байгалийн баялгийн дийлэнх нь барууны орнуудруу явж байна.

Зураг дээр: Каспийн тэнгис дэхь Казахстаны Кашаган ордын байгууламж

Казахстаны Кашаганд Италийн “Эни” компани ажиллаж байгаа. Байгаа нөөц баялгаа хэрхэн бүтээгдэхүүн болгон хувиргаж дэлхийн зах зээлд нийлүүлэх вэ хэмээх Казахстанд тулгарч буй асуудлууд Каспийн тэнгисийн нөгөө эрэгт байдаг хөрш Азербайжанд нь ч мөн тулгарч байна. Оросоор дамжуулж, зөвлөлтийн үеийн зардал өндөртэй техник технологи ашиглахгүй гэвэл эдгээр улсууд олон улсын компаниудтай л хамтарч ажиллах хэрэгтэй. Харин эдгээр улсууд олон улсын компаниудад тийм ч хурдан эрх мэдэл олгох сонирхолгүй байна. Туркменистан өөрийн байгалийн баялгийн төслүүдэд олон улсын компаниуд оруулах сонирхолгүй байгаа бөгөөд тэдэнтэй хамтарч ажиллаж байгаа тохиолдолд гагцхүү үйлчилгээний л гэрээ байгуулахыг илүүд үзэж байна.

Харин Казахстаны хувьд гэвэл засгийн газар нь заримдаа олон улсын бизнест халгаатай шийд гаргах гээд байдаг тул тус улс олон улсын хөрөнгө оруулагчдын дунд найдваргүй түнш гэж тооцогддог. 2008 онд Төв Азийн орнуудын газрын тосны үйлдвэрлэл ямар байсныг Ойрх дорнод болон ОХУ-тай харьцуулан сонирхож үзвэл дараах тоо баримт харагдах болно. /1 баррел = 159 литр/ 2008 онд Узбекистан 111,000 баррель газрын тос олборлосон бол Туркменистан 205,000 баррель, Азербайжан 914,000 баррель, Казахстан 1,544,000 баррель газрын тос, ОХУ 9,886,000 баррель, Ойрх Дорнод 26,200,000 баррель газрын тос олборлосон байна.  Байгалийн хийн хувьд: 2008 онд Азербайжан 14.7 тэрбум куб метр байгалийн хий, Казахстан 30.2 тэрбум куб.м, Узбекистан 62.2 тэрбум, Туркменистан 66.1 тэрбум, Ойрх Дорнод 381.1 тэрбум, ОХУ 601.7 тэрбум куб метр байгалийн хий олборлож экспортолсон байна.

Казахстаны хувьд хэрхэн 2012-2013 оноос Кашаганы газрын тосны ордоосоо өдөрт олборлох 1.5 сая баррель буюу 210,084 тонн газрын тосыг дэлхийн зах зээлд хүргэх вэ гэдэг асуудал гол шийдвэрлэх асуудал нь болоод байна. Энэ нь дэлхийн газрын тосны худалдааны гурван хувь гэсэн үг юм. Энэ газрын тосны ихэнх нь одоо байгаа газрын тосны хоолойны сүлжээгээр дамжин Оросын Хар тэнгисийн Новороссиск хотод очин цаашаа баруунруу нийлүүлэгдэнэ. Эсвэл одоо байгаа урд чиглэлийн хоолойгоор дамжин Туркийн Газрын дундад тэнгисийн Сейхан боомтруу очих болно.

Казахстан Хятадруу газрын тос шахаж эхлээд байгаа бөгөөд ойрын гурваас дөрвөн жилийн дараа дамжуулах хоолой нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх болно. Тэгсэн ч гэсэн өдөрт 400,000 баррель газрын тос Хятадруу дамжуулах бөгөөд энэ нь Казахстанаас барууны орнуудруу нийлүүлж байгаа газрын тосноос 3-4 дахин бага хэмжээ байх болно. Харин Туркменистаны хувьд Хятадтай хийж буй наймаа нь илүү цар хүрээтэй байгаа. Одоогоос  хоёр жил хагасын дараа гэхэд Хятадын Үндэсний газрын тосны корпорац 2,200 км үргэлжлэх урттай Төв Азийн байгалийн хийн хоолойг Туркменистаны хойд хэсэгт оршдог Багтияарлик хотоос Узбекистан, Казахстанаар дамжуулан Хятадын Шинжаань мужруу холбон тавьж дуусах болно. Одоогийн байдлаар энэ хоолойгоор маш бага хэмжээний байгалийн хий дамжиж байгаа ч хэрвээ байгууламж барих төлөвлөгөө амжилттай хэрэгжиж дуусвал 2014 он гэхэд уг хоолойгоор жилд 40 тэрбум куб метр байгалийн хий дамжих болно.

Хятадын Үндэсний газрын тосны корпорац мөн Туркменистаны Өмнөд Ёлотены ордыг ашиглалтанд оруулах ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд уг ордод 4-14 триллион куб метр байгалийн хий байгаа гэж Их Британийн “Гаффней”, “Клайн энд Ассошиетс” компани тооцоолж байна. Хэрвээ энэ нөөц батлагдвал энэ нь дэлхийн хамгийн том байгалийн хийн орд болох бөгөөд байгалийн хийгээ зөвхөн Хятад, Оросоос гадна Иран болон бүр Европын холбоонд хүртэл нийлүүлэх болно. Тэгсэн ч гэсэн цаана нь Энэтхэг, Пакистанд зарж болох байгалийн хий үлдэх болно.

Гэхдээ гол асуудал нь Туркменистан энэ ордоо ашиглах нүсэр байгууламж байгуулах санхүүгийн боломж нь хязгаарлагдмал байгаа бөгөөд гадны компаниудыг оруулж ашиглуулахдаа бас тийм ч дуртай биш байна.

Т.Бадрах

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Orosuud tenegtsen tuux 2010-06-04 83.3.155.97

2006 on xurtel Turkmenistanaas Orosuud baigaliin xiig shoo metriig ni 100 euro-oor avaad Europiin Xolboo ruu tsaash 300 euro-oor zarj baisnaa tur zuuriin delxiin ediin zasgiin xyamraliig ch tesj chadaxgui xooloiniixoo krantiig xaasan sh dee Orosuud ediin zasagt aimaar teneg Tegeed ter xooloi ni delbersen baival yaxav Yostoi Orosuudiin xoxi ni biz dee Turkmen bashi udirdagch ni gesen ug Mongoliin bagshi gesen ugtei garal neg ni tegenguut azny yum geed Xyatad ruu shine xooloi Xytaadaar bariulaad odoo Xyatad ruu gargadag bolsoon Kkkk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж