Хуучирсан мэдээ: 2013.05.23-нд нийтлэгдсэн

Хаврын нэг өдөр намрын арван өдөртэй тэнцдэг гэдэгчлэн тариаланчид цаг нартай уралдан, ажиллаж байна.

Хаврын тариалалтын ажил ид өрнөж буй энэ үед бид Төв аймгийн Жаргалант сумыг зорьсон юм. Жаргалант сум улсдаа төмс, хүнсний ногоо тариалалтаараа тэргүүлдэг газруудын нэг билээ. 1927 онд анх Жаргалантын сангийн аж ахуй нэрээр байгуулагдсан энэ газар өдгөө Монгол Улсын төмсний бараг дөрөвний нэгийг тариалж буй. Жаргалант сумын нэрээр брэнд болсон амттай, шаргал өнгөтэй төмс ч бий. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 240 мянган тонн орчим төмс хурааж авсны 56 мянган тонн нь Төв аймгийн Жаргалант сумынх байсан юм. Эл сумд томоохон компаниуд гэхээсээ илүүтэй иргэд өөрсдөө тариа, төмс тэргүүтэй хүнсний гол нэрийн ногоог тариалдгаараа онцлогтой. Нэг ёсондоо бол тариаланч иргэдийн амжиргаагаа залгуулах боломжтой бүс нутгийн нэг юм.

“Сургуулиа төгсөөд л тариалангийн талбайд ажиллаж байна. Хавар, зун, намрын улиралд унтах нойргүй шахам ажиллана. Тариалалтын хөдөлмөр хэцүү. Ажил хүнд, бие ядарлаа гээд зүгээр суултай биш” гэж ярих үе тэнгийн залуутай Жаргалант сум орох замдаа тааралдлаа. Энэ залуу тариалангийн талбайг хөлсөөр хагалдаг. Нэг га газрыг 30 литр түлш, дээр нь 40 мянган төгрөг нэмж аваад хагалдаг гэнэ.

“Миний трактор сүүлийн үед орж ирж буй техникүүдээс дутахгүй. Хуучны Оросын техник гэдэг бол  ёстой “чулуу” шүү дээ” гэж өөрийн унаж буй гинжит трактороо бидэнд магтлаа. Өвлийн сул зогсолтын үедээ сайтар засвар хийсэн тул газар тариалангийн улиралд “гар хүргүүлнэ” гэж үгүй аж.

Атрын гуравдугаар аян өрнөсний хүчинд Монголын тариаланчдын техник хэрэгсэл харьцангуй сайжирчээ. Гэсэн ч үнэ өртгөөс нь болоод тэр үү, манай улсад хөнгөлөлттэй зээлээр орж ирж буй газар тариалангийн техникүүд дутуу дулимаг зүйл их бий гэнэ. Орчин үеийн техник хэрэгслүүд газраа хагалаад, тариалах, хураах гээд л бүгдийг нэг л дор гүйцэтгэх хүчин чадалтай болсон. Ийм төрлийн техник хөнгөлөлттэй зээлээр ирвэл тариаланчдын ажлыг хөнгөвчлөхөөс гадна хүнсний ногооны үнийг бууруулах боломжтой аж. Харин манай тариаланчдад одоохондоо тийм техник алга. Ер нь манай хувиараа газар тариалан эрхэлж, амжиргаагаа залгуулж буй иргэдийн техник нь ихэвчлэн Оросын хуучин трактор байгаа нь сурвалжлагын явцад харагдсан юм.

Төв аймгийн Жаргалант суманд ирлээ. Хаврын шуургатай үед “поле”-ны гэх тодотголтой нарийн ширхэгтэй тоосоор булах нь амаргүй мэт санагдав. Биднийг очих үеэр сумын зарим удирдлагууд тариаланчдын ажлын явцтай танилцахаар явсан, зарим нь дөнгөж ирээд байлаа. Ингээд Төв аймгийн Жаргалант сумын Засаг дарга Б.Ганболдтой уулзлаа.

Төв аймгийн Жаргалант сумын хаврын тариалалтын ажил 70 орчим хувьтай яваа гэнэ.  Сумын тариаланчид тавдугаар сарын 25 гэхэд ажлаа дуусгахаар төлөвлөжээ. Гэсэн ч ойрын өдрүүдэд бороо, бага зэргийн цас гээд цаг агаарын байдлаас шалтгаалан, газар хагалах, үр тариа суулгалтын ажил бага зэрэг хугацаа алдсан талаар тэрээр хуучилна.

“Манай сум газар тариалангийн 38,8 мянган га талбайтай. Өнгөрсөн жил цаг агаар тааламжтай байж, нэг га талбайгаас 36 тонн төмс хурааж авсан. Сумын хэмжээнд 56 мянган тонн төмс хурааж авсан. Гэтэл борлуулалт муу байгаагаас үүдэн одоо ч тариаланчдын зооринд төмс хураалгаатай байна. Борлуулалт муу байгаа учир төмсийг дахин боловсруулах үйлдвэрийг оруулж ирэх талаар Засгийн газартай хамтран ажиллаж байна. Хэрвээ энэхүү ажил амжилттай бүтвэл төмсийг боловсруулж, чипс, шарсан төмс тэргүүтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болох юм” гэж Жаргалант сумын Засаг дарга Б.Ганболд ярилаа.

Бидний дараагийн уулзсан хүмүүс бол гэр бүлээрээ төмс, будаа тариалдаг Ц.Мөнхдэлгэрийнх. Тэд ногоон талбайдаа ажиллаад завгүй.

Өглөө эртдээ нар ээж дулаахан байсан атлаа үдийн хэрд шороогоор шуурч эхлэв. Харин Ц.Мөнхдэлгэрийн төмс тариалдаг талбайд ирэхэд бороо орлоо. Гэсэн ч тэд ажлаа зогсоосонгүй, талбайгаа хагалсаар л байна.

-Бид талбайгаа хагалж дуусч байна. Энэ жил газрын хөрс чийгтэй, ногоо тарихад боломжийн байна гэж Ц.Мөнхдэлгэр ярьж байна. Эднийх өнгөрсөн жил арвин ургац хураажээ. Гэсэн ч энэ жил төмсний үнэ хямд, борлуулалт муу байгаагаас “шатахад” хүрсэн гэнэ. Өнгөрсөн жил алдагдал хүлээсэн ч их хэмжээний үрийн төмс үлдсэн учир тариалахаас өөр аргагүй болж, ажлаа ийнхүү эхлүүлсэн байна.
-Нэг килограмм төмсний бодит өртөг нь 300-350 төгрөг болдог. Гэтэл өнөөдөр төмс борлохгүй учир танил худалдаачдадаа 200-250 төгрөгөөр худалдаалж байна. Одоо борлогдоогүй төмсөө хаяхаас өөр аргагүй. Тариаланчдыг хүнсний ногоо борлуулахад туслалцаа үзүүлбэл үнэхээр сайхан байна. Борлуулалт муу байгаагаас тариаланчдын гурван улирлын турш ажилласан хичээл зүтгэж үгүй болох нь энүүхэнд болж байна гэж Төв аймгийн Жаргалант сумын тариланч Ц.Мөнхдэлгэр хэлж байна.

Манай улс жилдээ 180-200 мянган тонн төмс хүнсэндээ хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг аж. Гэтэл өнгөрсөн онд улсын хэмжээнд 240 мянган тонн төмс хураан авчээ. Монголчуудын хэрэглээнээс 50 мянга орчим тонн төмс илүү гарсан гэсэн үг. Илүү тариалсан төмсөө гадагш экспортлох орчин одоогоор бүрдээгүй юм. Иймээс энэ жил төмс элбэгшиж, монгол төмс 200-250 төгрөгийн үнэтэй байгаа гэнэ. Хүнсний ногоо тариалагчдын борлуултад төр тусламж дэмжлэг үзүүлэх, илүү тариалсан тохиолдолд борлуултад нь анхаараасай гэж хүсч явдгаа тариаланчид дамжуулсныг үүгээр уламжилъя.   

Энэ онд улсын хэмжээнд 324,7 мянган га талбайд үр тариа, хүнсний ногоо тариалах гэнэ. Үүнээс 313,7 мянган га талбайд улаанбуудай, 15,5 мянган га талбайд төмс, 7,6  мянган га талбайд хүнсний ногоо, 20,7  мянган га талбайд малын тэжээл, 25 мянган га талбайд тосны ургамал тариалахаар ажиллаж байна.
Ингэснээр  470,5 мянган тонн улаанбуудай, 208 мянган тонн төмс, 107,9 мянган тонн хүнсний ногоо, 51,7 мянган тонн малын тэжээл, 25 мянган тонн тосны ургамал хураан авна гэж тооцоолжээ. 

Харин 2013 оны тавдугаар сарын 21-ний байдлаар 161,2 мянган га талбайд үр тариа, 4,9 мянга га талбайд төмс, 2000 га талбайд хүнсний ногоо,6,5 мянган га талбайд тосны ургамал, 656 га талбайд тэжээлийн ургамал, нийтдээ 175,5 мянган га талбайд тариалалт хийгдээд байна. Улсын хэмжээнд тариалалтын ажил 44,6 хувьтай байна гэж Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.

Монголын тариаланчид эх орны хөрсөнд үржил шимт хөрсөнд ургасан хүнсний ногоог хэрэглэгчид бидэнд хүргэхийн тулд унтах нойр, идэх хоолоо хугаслан, цаг нартай уралдан ажиллаж байна.

Б.ОЙНБИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж