
Иргэдийг орон сууцтай болгох зорилгоор Засгийн газраас нэмэх, хасах найман хувийн хүүтэй зээл олгохоор болсон. Тиймээс Барилга, хот байгуулалтын яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яамтай хамтран журам боловсруулж буй.
Зургаан хувийн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хохирогчид болон Засгийн газрын шинэ журмын талаар Ерөнхий сайд Н.Алтанхуягаас тодруулахад "100 мянган айлын орон сууц хөтөлбөр дампуурал байсан. Харин одоо найман хувийн хүүтэй зээлийг хэрхэн олгож, иргэдийг хохиролгүй болгох талаар Засгийн газар ярилцаж байна. Орон сууцны нийлүүлэлтийг хангах үүднээс бондын хөрөнгөөс энэ салбарт хөрөнгө оруулж байгаа. Эхний ээлжинд барилга барьж буй барилгын компаниудыг дэмжиж, байр бэлэн болсны дараа иргэдэд хөнгөлөлттэй зээлийг олгох нь зүйтэй гэж үзэж байгаа. Одоо энэ асуудлыг Монголбанктай хамтран ярилцаж байна" гэсэн юм. Мөн зургаан хувийн орон сууцны хөнгөлөлттэй зээл авсан иргэдийн асуудлыг ч хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэхээ ярилцаж байна гэлээ.