Хоёр улсын сайд нар өнөөдөр уулзаж Монгол Улсын эдийн засаг, эрчим хүчний салбар тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний асуудлаар ярилцлаа. Австрийн сайд өөрийн улсын эдийн засгийн байдлын талаар танилцуулж хоёр орны найрсаг харилцааг эдийн засгийн хамтын ажиллагаагаар өргөжүүлэх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлэн байгаагаа онцлон хэллээ.
Сайд М.Сономпил Монгол Австрийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын даргаар ажиллаж байгаа бөгөөд 2010 оны болсон комиссын дөрөвдүгээр хуралдаанаар Австрийн Засгийн гараас 40 сая еврогийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэснийг ажил хэрэг болгож хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Энэхүү зээлээр эрүүл мэнд, эрчим хүч дэд бүтцийн төсөл арга хэмжээг санхүүжүүлэхээр тухайн үед санамж бичигт гарын үсэг зурсан байгаа тул хог хаягдал боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх станц байгуулах төсөлд тус улсын дэвшилтэт технологийг ашиглан хэрэгжүүлэх санал тавилаа.
Австрийн сайд энэхүү саналыг ойлгон хүпээн авч, хөнгөлөлттэй зээлийг үр өгөөжтэй ашиглахад хоёр тал анхаарахын чухлыг тэмдэглэхийн сацуу Монгол Улс усан цахилгаан станц барьж байгуулах аваас уг төсөлд Австрийн томоохон компаниуд оролцох сонирхолтой гэдгийг илэрхийлэв.
Уулзалтын үеэр Монгол улсын Эрчим хүчний яам, Австри улсын Эдийн засаг, гэр бүл залуучуудын яам хооронд Эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх санамж бичигт сайд нар гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн дагуу хоёр улс эрчим хүч түүний дотор сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллах юм.
Мөн байгаль орчны хамгаалал, тогтвортой хөгжил, шинэ техник технологи нэвтрүүлэх зорилгоор хоёр улсын шинжлэх ухааны байгууллагууд тухайлбал, Австрийн талаас Монтанны их сургуулийг татан оролцуулахыг санамж бичигт тусгажээ.
Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн тохиож байгаа бөгөөд ирэх долдугаар сарын 8-9-ний өдрүүдэд Засгийн газар хоорондын ээлжит 5 дахь хуралдаан Улаанбаатар хотод болох юм.
Дашрамд өгүүлэхэд Австри улс сэргээгдэх эрчим хүч ашигладгаараа Европын холбоонд тэргүүлж байгаа бөгөөд дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлтийн 72 хувийг усан цахилгаан станц болон биомассаас гарган авч байна. Эрчим хүчний сайдын тус улс дахь ажлын айлчлал үргэлжилж байна. Айлчлалын үеэр Австрийн Парламентын эрчим хүчний асуудал хариуцсан гишүүн Вольфганг Кациан болон тус улсын ажил хэргийн томоохон төлөөлөлтэй уулзаж, хог хаягдал ашиглан эрчим хүч үйлдвэрдэг станц болон усан цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцах юм.