Чингэлтэй дүүргийн 13-р хороо буюу 17-р сургууль орчимд хөл хөдөлгөөн нилээд их. Шөнийн цагаар ч гэсэн хөл тасардаггүй. Мөн энэ хэсэгт согтуугаар үйлдсэн гэмт хэрэг их гардаг бол тэр дундаа хулгай, дээрэм, булаалтын гэмт хэрэг ихээр гардаг ажээ. Харин хүүхдийн эсрэг гэмт хэрэг тэр бүр гараад байдаггүй гэдгийг хэсгийн байцаагч нь хэлж байлаа. Учир нь Чингилтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс, иргэдтэйгээ хамтран ажиллаж сайн дурын эргүүл гаргадаг байна. Эдгээр сайн дурын эргүүлүүд сургууль, цэцэрлэг цуглах, тарах үеэр эргүүлд гардаг нь энэ орчимд хүүхдийн эсрэг гэмт хэргийн гаралтыг багасгажээ.
Харин Баянзүрх дүүргийн 27-р хороо буюу Дарь-Эхийн хуучин эцэс хавиар мөн л хөл хөдөлгөөн ихтэй байдаг гэнэ. 17-р сургууль орчимоос ялгаатай нь энэ хавийн эцэг эх, хүүхдүүд байнгын түгшүүртэй амьдарч байгаа. Учир нь өөрийн төрсөн хүүтэйгээ нийлж бага насны охидыг хүчирхийлдэг байсан мунаг эр энэ хавьд амьдарч байсан нь тодорхой болсоноор иргэдийг айдаст автуулаад байгаа юм. Хэсгийн цагдаагийнх нь хэлж байгаагаар нийслэлийн гэр хороололд ядуурал, архидалт их байгаагаас гэмт хэргийн ихэнх нь гэр хороололд гардаг аж. Бид гэр хорооллыг орон сууцжуулж, дахин төлөвлөлт хийхээр хичээж байгаа. Харин ухамсарын доройтолд орчихоод, архин далайд живэж байгаа иргэдээ хэзээ гаргаж авах вэ. Архи ууж, нийгмийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг, гэмт хэрэг үйлддэг хүмүүсийн дийлэнх нь ид хийж бүтээх насныхан байдаг нь харамсмаар. Гэр хороололд гарч байгаа архинаас үүдэлтэй, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргүүдийн золиосонд бяцхан үрс, охид эмэгтэйчүүд, азай буурлууд маань өртөж байна. Тэд алийн болгон архидалт, гуйланчлал, нийгмийн стрессийн золиос болсоор байх ёстой гэж…
Гэмт хэргийн үүр
Хорооны цагдаагийн хэлж байгаагаар гэр хороололд гэмт хэрэг их гардаг байна. Энэ нь гэрэл, гэрэлтүүлэг байхгүй, гэр хороололд архидалт, ядуурал, ажилгүйдэл их байдагтай холбоотой нь мэдээж. Гэр хороололд гарч байгаа гэмт хэргийн дотроос хулгай болон согтуугаар үйлдсэн хэргүүд нилээд их хувийг эзэлдэг ажээ. Чанарын шаардлага хангаагүй буюу хямд архинуудыг зөвхөн гэр хорооллын дэлгүүрүүдээр л борлуулдаг. Энэ нь худалдан авагчдынх боломж бололцоотой холбоотой ч хотын төвөөс алслагдмал газруудад л хямд архины эрэлт байдаг юм.
Т.ДАРХАН