Үүний дараа Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн 75 хувийн саналаар дэмжлээ. Төсөлд ирэх онд инфляцийг зургаан хувьд барихаар тусгаад байна. Харин хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд ирэх онд инфляцийн түвшинг зургаан хувьд барихад мөнгөний бодлогын ямар арга хэрэгслийг хэрэглэх, “Чингис” бондын хүрээнд мөнгөний нийлүүлэлтийг яаж зохицуулах, цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх талаар ямар бодлого баримталж байгаа, эдийн засгийн өсөлтөөс бий болох орлогын хуваарилалт ямар байх, Улаанбаатар хотын гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлэхэд 2014 онд хэр их хөрөнгө мөнгө тусгагдсан зэрэг олон асуудлыг тодруулж, хариултаа авч шийдвэрээ гаргасан юм. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн гурав дахь асуудал нь Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл байлаа. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх хүрээнд импортоор орж ирсэн барааны кодыг шинэчилсэн кодын дагуу өөрчлөх, мөн төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх, тогтоолын хэрэгжих хугацааг 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс тогтоох саналыг гишүүд олонхийн саналаар дэмжлээ. Мөн Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг болон Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. Тэгвэл Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 58.8 хувь дэмжсэнээр баталлаа.
Дараа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэхүү Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн хүрээнд Монгол судлалыг дэмжих сангийн хөрөнгийг Монгол судлалын номын сан, мэдээллийн нэгдсэн сан байгуулж баяжуулах, монгол судлаач бэлтгэх, давтан сургах зорилгоор тэтгэлэг олгох, гадаад дахь Монгол судлалын төвүүдийг хөгжүүлэх, сэргээх, шинээр байгуулах, монголч эрдэмтдийн шилдэг бүтээлийг хэвлүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зориулалтаар зарцуулах зэрэг саналыг гишүүд гаргасан байв. Дээрх саналууд дэмжлэг хүлээж анхны хэлэлцүүлгийг хийж дуусгаснаар энэ өдрийн чуулганы хуралдаан өндөрлөөд байна. Үндсэндээ өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн бүх асуудлаа үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж дуусгалаа.