Идэрээ хүүгийн хувь заяа гэрэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2013.05.23-нд нийтлэгдсэн

Идэрээ хүүгийн хувь заяа гэрэлтэй байна

Таван настай Идэрсүрэн хүүгийн бие сайжирчээ. Түүнийг хоёр настай охин дүүтэй нь цуг сувилалд хэвтүүлэн эмчилж байна. Харин зургаан настай ах нь Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байранд байгаа аж.  Хэрээс хэтэрсэн зовлон үзсэн хүүхдүүдэд туслах халуун сэтгэлтэй хүмүүс олон байгаагийн ачаар тэдний хувь заяа гэрэлтэй болжээ. Ямар хүүхдүүдийн талаар ийнхүү асуудал хөндөж буйг уншигчдад танилцуулахад хэд хоногийн өмнө таван настай хүүг аав нь заазуурдсан  хэрэг гарч, нийгмийг цочроосон. Энэ хэрэг явдлын дараа тэдгээр хүүхдүүдийн хувь заяа цаашид хэрхэх вэ гэдэгт олон хүн санаа зовнисон билээ.

Тиймээс бид хүүхдүүдэд бүх талаар тусламж үйлчилгээ хүргэж буй “Лантуун дохио” төрийн бус байгууллагынхан болон хүүд анх эмнэлгийн тусламж үзүүлж,энэ хэрэг явдлыг олон нийтэд мэдээлсэн эмч, зургаан настай ахыг нь хамгаалах байрандаа байлгаж буй хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн ажилтнуудтай ярилцаж, дараах мэдээллийг авсан юм.

“ЛАНТУУН ДОХИО” ТББ-ЫГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ  Ш.ОТГОН-ЭРДЭНЭ:

-Та бүхнийг хүүхдүүдэд туслахаар сайн санааны үйлсийг зохион байгуулж буйг олон нийт мэдэж байгаа. Хүүд туслах үйлс өрнүүлэх болсон тухайгаа  мэдээлэл өгөхгүй юу?

-Тухайн үед бид таван настай хүү болон ах, дүү нар нь маш хүнд байдалд байгаа тухай мэдээллийг бусдын адил сонссон. Тэгээд анх хүүд яаралтай түргэн тусламж үзүүлсэн эмч П.Батсүхээр газарчлуулан хүүхдүүдийг эргэж очихдоо цагдаад баригдаад явсан байсан аав нь эргэж гарч ирээд хүүхдүүдийг дахин зодсон  тухай мэдсэн. Ээж нь ч тэр үед биднээс “Хүүхдүүдийг минь аюулгүй орчинд аваачаад өгөөч. Хүүхдийг минь эмнэлгээс гаргачихлаа, бие нь муу байна. Аав нь ч гэсэн гарч ирээд дахиж зодлоо гэж гуйсан. Хүүхдүүдийн  эрх зөрчигдөхөд холбогдох төрийн байгууллагууд ямар нэг арга хэмжээ авсан байх гэж бодож байтал юу ч хийгээгүй, иймэрхүү байдалтай байсан учир бид туслахаар болсон.Ээжтэй нь зөвшилцсөний эцэст аюултай тэр газраас хурдан холдуулах нь зөв юм байна гэж шийдсэн. Тэгэхгүй бол аавыг нь дахиад суллаад явуулж мэдэх юм байна лээ. Тэгээд тэндээсээ шууд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд очсон.

-Хүүгийн биеийн байдал одоо гайгүй болсон уу. Аль эмнэлэгт байгаа вэ?

-Хүү сайн байгаа. Нийт найман оёо тавьсан. Өчигдөр зургаан оёдлыг авсан, маргааш хоёр оёдол авна. Аль эмнэлэгт байгааг хэлэх боломжгүй. Ээж нь бидэнд битгий хэлээрэй гэдэг хүсэлт тавьсан учир хэлэх боломжгүй байгааг ойлгоорой. Идэрсүрэн хүүг  хоёр настай дүү охин болон ээжийнх нь хамт сувилалд эмчилж байгаа гэдгийг л хэлж чадах байна.

-Хэчнээн төгрөгийн хандив цуглуулав. Цаашид үйл ажиллагаагаа юунд чиглүүлэх вэ?

-Өчигдрийн байдлаар 612 мянган төгрөг дансанд орсон байна билээ. Цаашдаа нэмэгдэх хандлагатай байгаа. Хүүхдүүдэд бодит байдлаар туслахад хөрөнгө мөнгөний туслалцаа хэрэгтэй. Гэвч бид мөнгөний асуудалд маш болгоомжтой хандаж байгаа. Social network буюу олон нийтийн цахим сүлжээгээр холбогддог залуус нэгдэж, хүүд тусалж байгаа юм. Эмнэлгээс гарлаа гэхэд тэдэнд очих гэр алга. Тиймээс гэр авч өгч, гэрээ барих газрын асуудлыг нь шийдүүлээд өгчихвөл ерөнхийдөө болчих гээд байна. Газрын асуудлаар Баянзүрх дүүргийн Засаг даргад албан бичиг өгсөн ч одоогоор ямар нэгэн байдлаар газар өгөхийг хориглочихсон байна гэсэн. Цаашид энэ асуудлыг бид холбогдох байгууллагуудтай зөвшилцөж, хамтын ажиллагааны үр дүнд шийдэж чадна гэж бодож байна. Ер нь одоо зөвхөн энэ таван настай хүүгийн асуудлыг яриад баймааргүй байна. Цаашид хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр хуулийг чангатгая, хүүхдийн эрх зөрчсөн хүнд хатуу, чанга хариуцлага тооцдог больё гэсэн санал, санаачилгыг түлхүү барьж ажиллана. Энэ ажлынхаа эхлэл болгож бид “Хүүхдэд ээлтэй хөрш” аян эхлүүлсэн. Хүчирхийлэлд байгаа хүүхдийн хажуу талын айл анхан шатны мэдээллийг түргэн өгч байвал зодуулахаас, амиа алдахаас өмнө тусалж чадах болов уу гэж бодож энэ аяныг санаачилсан. Одоогоор мэдээллээ орон даяар түгээж байна.  

НИЙСЛЭЛИЙН ЯАРАЛТАЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВИЙН ИХ ЭМЧ П.БАТСҮХ:

-Хүүхдүүдийг эмнэлэгт хэвтүүлж, эмчилж сувилж байна гэсэн. Энэ бодитой мэдээлэл үү?

-Тийм ээ. Ер нь гурван хүүхэд гурвуулаа их жижигхэн биетэй, сульдаатай, хоол тэжээлийн дутагдалтай, эмчлүүлэх шаардлагатай. “Лантуун дохио” төрийн бус байгууллагын залуус үүнд анхаарч, хүүхдүүдийг эмнэлэг, сувилалд эмчлүүлж байна. Одоохондоо хүүхдүүдийн байгаа газрыг нь хэлэхгүй байя гэсэн байр суурьтай байгаа юм билээ. Аавынх нь хэрэг шийдэгдтэл хүүхдүүдийг тиймэрхүү байдлаар байлгая гэж шийдээд байгаа гэсэн.

-Түргэн тусламжийн дуудлагаар очиж явахад хүүхдүүд хүчирхийлэлд өртсөн ийм байдал хэр олон тааралддаг вэ?

-Тийм байдал нийтлэг байгаад байна. Сая ч гэсэн хоёр хүүхэд хүчирхийлэлд өртсөн  дуудлага ирж байна. Хүүхдүүдээ хүчирхийллээс аваръя гэж сонин хэвлэлүүд санаачилга гаргаж, залуус нэгдэж байгаад баяртай байгаа. “Лантуун дохио”  төрийн бус байгууллагын залуус “Хүүхдэд ээлтэй хөрш” гээд аян зохион байгуулаад хөөцөлдөөд байна. Үр дүнд хүрээсэй.  Хамгийн харамсалтай нь хүүхэд хүчирхийлэлд байгааг сургууль, багш нар, нийгмийн ажилтнууд мэддэг хэрнээ дуугардаггүй. Дар-Эхэд хоёрын хоёр охин хойт аав гэх нөхрөөс болж амиа хорлосон гэдэг аймшигтай мэдээлэл ч сонсогдох юм. Хэвлэлүүд хүүхдийн хүчирхийллийн эсрэг байнга  мэдээлэл, сурталчилгаа явуулж байхгүй бол өнөөдөр шуугьж байгаад маргааш мартагдана.

ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ТӨВД:

Идэрсүрэн хүүгийн зургаан настай ахыг нь Хүчирхийллийн эсрэг үндэсний төв  хамгаалах байрандаа байлгаж буй гэдгийг дээр дурдсан. Бид тус төвд очлоо.

Төвийн ажилтнуудтай уулзаж, хүүг ямар хугацаанд байлгаж асрах боломжтойг тодруулахад “Одоогоор хамгаалан байрлуулах үйлчилгээ үзүүлж байна. Цаашид хуулиар үүрэг хүлээсэн төрийн байгууллагууд хүүхдийг хааш нь аваачих вэ гэдгийг шийдэх байх. Бид одоо Хүүхдийн төлөө үндэсний газрынхныг хүлээгээд сууж байна. Уулзалтын дараа хаана байлгах вэ гэдэг нь тодорхой болж магадгүй” гэсэн мэдээлэл өгөв.

Эмч залуугийн хэлсэн шиг гэр бүлийн хүчирхийллийн тухай өнөөдөр бид нийгмээрээ  шуугьж байгаад маргааш мартчихдаг нь үнэний хувьтай. Манай сонин цаашид Идэрсүрэн хүү болон ах, дүү хоёрынх нь ирээдүй гэрэлтэй болж байна уу гэдгийг байнга сурвалжилж, мэдээлж байх юм.

Өчигдөр бид мөн Хүүхдийн төлөө үндэсний газрын мэргэжилтэн болон Нийслэлийн хүүхдийн төлөө газрын Хүүхэд хамгааллын хэлтсийн дарга бүсгүйгээс хүүхдийн эрхийг хамгаалах үүргийг хуулиар хүлээсэн төрийн байгууллагынхаа хувьд хэрхэн ажиллаж байгааг тодруулахаар холбогдоход, “Одоогоор мэдээлэл өгөх” боломжгүй гээд халгаахгүй байв. Үнэндээ тэд хүүхдийн эрх зөрчигдөж байна гэж сайн ярьж л чаддагаас биш дээрх залуус шиг бодитоор юм хийдэггүй, бараг тэгж хийх чадвар ч байдаггүй гээд хэлчихэд болмоор санагддаг. Нөгөө талаар нийгмийн зарим хэсэг харгис эцгийг тавьж явуулсан цагдаагийн байгууллагыг буруутгасан. Цагдаа нар харгис  эцгийг тавьж явуулснаараа өнөөдөр буруутан болж байгаа ч  тавьж явуулах хууль эрх зүйн орчин нь байгаа юм. Эрх зүйн энэ сул дорой орчныг өөрчлүүлэх нь төрийн байгууллагынхны, тэр тусмаа “Хүүхдийн төлөө” гэсэн хаяг, тодотголтой ажилладаг  байгууллагуудын үүрэг атал тэд хүүхдийн эрх зөрчигдсөн сургаар хоосон бүрээ л үлээж сууна. Тэдэнд “Хүүхдүүд аюулгүй орчинд байна, эрхийг нь хамгаалахаар бид тэгж ажиллаж байна” гээд хэлчих юм байхгүй учир “Одоогоор мэдээлэл өгөхгүй” гэж чаддаг ганц өгүүлбэрээ хэлээд сууж байгаа хэрэг биз ээ. Энэ нийтлэл, сурвалжлагаараа бид  таван настай Идэрсүрэнд болон ах, дүү нарт нь, ээжид нь тусалж байгаа гэдгээр нь төрийн бус байгууллагын залуус болон эмчийг гоё харагдуулж, бусдыг нь буруутгах гэсэнгүй ээ. Нийгэмд үнэн бодитой мэдээлэл хүргэх үүрэг хүлээсэн хэвлэл мэдээллийн байгууллагынхаа хувьд тэднээс бүгдээс нь мэдээлэл хүсэхэд хийсэн ажилтай нь мэдээллээ өгч, харин гар хоосон сууж байгаа нь “Одоогоор мэдээлэл өгөхгүй” гэж өөрсдийгөө хаацайлж байна уу даа гэсэн бодол тээлээ. Юутай ч өнөөдөр Идэрсүрэн хүү болон бусдынх нь хувь заяа гэрэлтэй байна. Хүүхэд бүрийн ирээдүй гэрэлтэй байгаасай.  

Ц.ЭРДЭНЭЦЭЦЭГ
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж