Хотын төвд байрлах 16 давхар тус буудал нь иж бүрэн тавилгатай 94 өрөө, хурал цуглаан болоход хамгийн тохиромжтой, орчин үеийн загвар шийдэлтэй, тав тухтай орчин бүхий танхимуудтай олон улсын стандартад нийцсэн бүтээн байгуулалт болсноороо онцлог юм.
“Corporate-3“ зочид буудлын дотоод заслыг захирал, ноён Т.Ганболдоор удирдуулсан баг хийж дуусгасан байна. Тус буудлын гурван салбарын үндэслэгч ноён Т.Ганболд орчныг бий болгохдоо зочид, үйлчлүүлэгчдийнхээ араншинд тохируулан тусгахыг эрмэлзэж орчин үеийн архитектурын шийдлээр хийгдсэнийг нээлтийн үеэр онцолж байлаа.
“Corporate-3”-ын хувьд хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэг, онцгой хүлээн авалтууд, хурим зэргийг зохион байгуулахад нэн тохиромжтойгоос гадна хамт олны зүгээс дээд зэрэглэлийн үйлчилгээг санал болгож байгаа юм.
Тухайлбал, хурлын танхим нь 200 хүний суудалтай, олон төрлийн өндөр түвшний тоног төхөөрөмж,орчуулгын дөрвөн сувгийг байрлуулсан. Мөн 1200 хүний суудалтай концертын танхим нь кино, дуурь, балет болон бусад урлагийн тоглолтыг хийхэд тохиромжтой.
Түүнчлэн тус буудлын Эрүүл мэндийн клубт багтах усан бассейн, бялдаржуулах өрөө, саун зэргээс гадна орчин үеийн загварлаг, гоёмсог байдлаар тохижуулсан ресторан болон лоунж, бааранд гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо үйлчлүүлэх боломжтой.
Буудлын бүх өрөө хамгаалалтын дохио удирдлагатай, тусгаарлагдсан агааржуулагч болон өндөр хурдны Wifi холболт,өрөөний утас, мини бар, дижитал телевиз зэргээр тоноглогдсон бөгөөд өглөө бүхэн зочид тааламжит буфет зуушийг зооглож, өдөр тутмын сониноос мэдээлэл авах зэргээр дээд зэргийн үйлчилгээг санал болгож байгаагаа энэ үеэр танилцууллаа.
Тэдний хувьд хурал цуглааны төв болох “Corporate-3” зочид буудлын бүхий л зүйлд өндөр сэтгэгдэлтэй, сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж байлаа. Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Оюунхорол ““Corporate” сүлжээ зочид буудлын гурав дахь салбар буюу хурал цуглааны төв буудал ашиглалтад орж байна. Үнэхээр Монголын бизнесмэнүүд, залуучууд улсынхаа нүүр царай, хөгжилд нэмэр болохоор ийм сайхан бүтээн босголтыг хийж ашиглалтад оруулсан байгааг хараад бахархаж байна. 1200 хүний суудалтай заал, залуучууд чөлөөт цагаа өнгөрөөх спорт цогцолбор гэх мэт олон шинэ зүйл ашиглалтад орсон байгааг харахад сайхан байна.
Монгол Улсын хөгжлийг хувийн хэвшлийнхэн авч явна. Тэр утгаараа тэднийг дэмжсэн төрийн зөв бодлого, дэмжлэг, хууль эрхзүйн орчин байх юм бол төрөөс мөнгө нэхэлгүйгээр хийж, бүтээж чаддаг юм байна гэдгийг харууллаа гэж хэлмээр байна. Үүнийг хараад бахархахгүй байхын арга алга” гэв.
УИХ-ын гишүүн Бакей “Монгол улсад эрчимтэй хөгжиж байгаа салбар бол үйлчилгээний салбар. Дэлхийн аль ч оронд үйлчилгээний салбар нь тухайн улсынхаа нүүр царай нь болдог. Тэгвэл өнөөдөр Монгол улсын нүүр царайг харуулах нэг төв шинээр ашиглалтад орж байгаа маш сайхан үйл явдал болж байна. Өөрөөр хэлбэл ОУ-ын стандартын шаардлагыг хангасан, зөвхөн дотоодын гэлтгүй ОУ-ын чанартай хурал зөвлөгөөнүүдийг зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Хамгийн талархууштай нь олон хүнийг ажилтай болгож байгаа юм байна. Тэгэхээр төр засгаас иймэрхүү ажил хийж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжих хэрэгтэй юм байна гэж ойлгож байгаа”
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Хувийн хэвшилд хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтуудын нэг нээлтээ хийлээ. Энэ бол хөгжил, дэвшил гэдэг утгаараа их сайхан үйл явдал болж байна. Хамгийн гол нь үүний үр дүнд 300 ажлын байр бий болж байна”
УИХ-ын гишүүн С.Оюун “Юм юмны стандарт дээшилж байгаагийн томоохон жишээ юм л даа. Дээд зэрэглэлийн өндөр стандарт бүхий төв нээгдэж байгаад баяртай байна. Ардчиллын төлөө хамтын нийгэмлэгийн хурал өнөөдөр энд нээлтээ хийлээ. Бүгд сэтгэл хангалуун байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.