Хуучирсан мэдээ: 2013.05.22-нд нийтлэгдсэн

Заамар руу урагшаа

Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байсан “Алтан дорнод Монгол” компанийн эзэмшиж байсан алтны орд бүхий газраас тав гаруй килограмм алт олдсон гэнэ. Тэр хавиар хийх юм аа олж ядаад алхаж явсан хоёр нөхөр тэр алтыг олсон гэж байгаа. Аз нь гийсэн хүмүүс байгаа биз. Тэгээд тэр алтаа 400 орчим сая төгрөгөөр ченжүүдэд худалдах санал тавьсан гэж сонссон юм байна. Тэнэж явж байгаад л 400 сая төгрөгтэй болчихдог. Мөн сайхан аа. Тиймээс тэр хавийг цагдаагийнхан хамгаалалтад аваад бөөн юм болж байгаа юм байх. Тиймээс Заамар руу “урагшаа” гэж хэлмээр байна. Ажил төрлөө яах вэ, гэж үү. Цаана чинь таван килограмм алт олсон гээд байхад юун ажил вэ. Зүгээр л хаяад явсан нь хожино. Тэгэхгүй бол цаад хамгаалалтад гарсан гэгдэж байгаа цагдаа нар чинь хамаг газрыг нь сэндийчээд алтыг нь авчих гээд байна шүү дээ. Хамгаалалтад гарч байгаа гэдэг нэрээр юу ч хийж байх юм билээ. Хэн мэдэх вэ. Тиймээс тэднийг цөлмөөд дуусахаас нь өмнө алтаа хайцгаая. Аз нь гийсэн хоёр хүн шиг таван килограмм алт олдоггүй юм аа гэхэд 1-2 килограмм алт олох байлгүй дээ. Ядаж.

Болохгүй бол тэндээ суурьшаад нинжа болсон ч яах вэ дээ. Нинжа нар гэж цаана чинь хууль, дүрэмд ч захирагддаггүй. Хэмжээлшгүй эрх мэдэлтэй хүмүүс байна шүү дээ. Тэдний нэг болчихвол хууль, дүрэмд дургүй хүмүүсийн нар нь гарах биз. Өөрөө өөртөө эзэн байх хүсэлтэй хүмүүс сүүлийн үед нэлээд ихэссэн. Даргын аяыг тааруулж ажиллахаас залхаж, биеэ даахыг хүсэгчдэд энэ нь том боломж болох ч байж магадгүй биш үү. Тиймээс Заамар руу алт ухахаар “урагшаа” хүмүүс ээ.

Сүүлийн үед манайхан уул уурхайн салбарыг шүтэж амьдрах болсон. Энэ хүрээндээ уурхайчин монголчууд болж улсынхаа имижийг бүрэн тодотгох нь бидний хийх ёстой ажлуудын нэг. Өөрөөр хэлбэл, үүрэг гэхэд хилсдэхгүй. Тиймээс үүргээ биелүүлэхийн зэрэгцээ алт олоод авчихыг хичээх хэрэгтэй. Юмыг яаж мэдэх вэ. “Аз гэдэг сохор” гэлцдэг байх аа. “Сохор аз”-ны эрэлд гарцгаая.

 
Р.САРАНГОО

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж