
Дорноговь аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Мэргэжил сургалт үндэсний төв хамтран “Баялгийг бүтээгчид” зөвлөгөөнийг Сайншанд хотноо зохион байгууллаа. Зөвлөгөөнд тус аймгийн Засаг даргын орлогч Ж.Галбадрах болон Ажил олгогч эздийн холбоо, уул уурхайн компаниудын төлөөлөл зэрэг 200 орчим төлөөлөгч оролцлоо. Дорноговь аймгийн хувьд бусад аймагтай харьцуулахад уул уурхайн салбар түлхүү хөгжсөнөөр ажилгүй иргэдийн тоо харьцангуй бага байгаа юм. Гэхдээ уул уурхайн хөгжлөөс хамаарч мал аж ахуй эрхэлж байгаа иргэд цаашид хэрхэн нутаг орныхоо байдалтай дасан зохицож ямар аж ахуй эрхлэх вэ гэдэг асуудал ирээдүйд босч ирэх нь зайлшгүй асуудал болж хувирч байгаа юм. Тиймээс энэ талын зохицуулалт төрийн тууштай бодлого чухал болохыг чуулганд оролцогчид тэмдэглэж байлаа.
Мөн энэхүү арга хэмжээний үеэр тус аймгийн Хөдөлмөрийн хэлтсийнхэн иргэдийг ажилд зуучлах, ажлын байрны захиалга авах зэрэг үйлчилгээг давхар зохион байгуулж 19 иргэнийг ажилд зуучилж, 39 иргэнийг ажил хайгчаар нэмж бүртгэв. Дорноговь аймгийн хувьд энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 1143 иргэн ажилгүй сууж байгаа аж. Тэдгээр бүртгэлгүй ажилгүйчүүдийн 21.1 хувь нь дээд, 0.5 хувь нь тусгай дунд, 32.6 хувь нь бүрэн дунд, 26.3 хувь нь бүрэн бус дунд, 0.4 хувь нь бага боловсролтой гэх ангилалд хамрагдаж байна.
Г.ДАРЬ