Кино ертөнцөд гайхамшигтай амжилтыг дагуулсан долоон боть бүхий Харри Поттер зохиолын хамгийн анхны боть “Харри Поттер ба Гүн ухаантны чулуу” номны эх хувь дуудлага худалдаагаар 150 мянган фунт стерлинг буюу 228 мянган ам.доллараар худалдаалагджээ. Британийн нэрт зохиолч Ж.К.Роулинг өсвөр насны хүү Харри Поттерийн тухай долоон цуврал уран зөгнөлт зохиолыг бичсэний хамгийн анхных нь уг ном бөгөөд дуудлага худалдаа өчигдөр Лондон хотноо болжээ.
Роулинг “Харри Поттэр”-ийн бүхэл бүтэн цогц ертөнцийн эхлэл болсон анхны ботийг 1997 онд хэвлүүлснээс хойш “Харри Поттер ба Нууцат өрөө”, “Харри Поттер ба Азкабаны хоригдол”, “Харри Поттер ба Галт хундага”, “Харри Поттер ба Фениксийн бүлгэм” “Харри Поттер ба Хагас цуст Ханхүү” “Харри Поттер ба Үхлийн шүтээ” нэртэй дараагийн ботиудыг хэвлүүлсэн байна.
Э.АНХТУЯА