Хуучирсан мэдээ: 2013.05.22-нд нийтлэгдсэн

-Байж бай л даа…
-Чи муу худлаа баашлаад байгаарай… гэж өсвөр насны нэг охин нөгөөгөө үсдээд чирнэ. Facebook хуудаснаа арван жилийн охид биенээ зодож, үсдээд цэцэрлэгийн хашаагаар чирч буй энэ бичлэг хэдэн зуугаар нь “like” цуглуулжээ. Тэнд үлдээсэн комментыг нь харвал “Охид маргалдаа л биз…”, “ee yatsiin be zoduulal vsee ynzlal enter zodoldku l ym bol yah gj zodoon hidii” эсвэл “оюуны доройтол” гэх зэргээр өөр өөрсдийнхөөрөө л хандаж. Харамсалтай нь зодож буй охидыг ангийнхан нь салгахын оронд эсэргээрээ утсаа гарган бичлэг хийж, инээлдэнэ. Өөхшүүлэх янзтай долоогоос найм нь утсаараа бичлэг хийж, биенээсээ илүү бичих гэсэн шиг зодуулсан охин руу дөхөж очиж буйг бичлэгээс харж болно. Гадаадын кинонд гардаг шиг зэрлэг авир гаргах охин тэр болгонд нь улам хөөрч гүйж очоод л цохиод авах жишээтэй. Зодооныг баримтжуулж буй өсвөр үеийнхэнд энэ бол балмад, зэрлэг үйлдэл гэж харагдахгүй байгаа нь бичлэгээс шууд харагдана. Хоорондоо инээлдэж утсаараа бичих тэдэнд энэ нь энгийн үзэгдэл болчихож.

Хэтэрхий эрээ цээргүй, заримдаа мал адгуусаас ч долоон дор иймэрхүү бичлэг үе үехэн цахим хуудаснаа тавигдаж, тэр хэрээр хавтгай ертөнцийнхнийг зугаацуулах болж. Яг л кино үзэж, алга ташиж буй мэт шэйр, лайк хийнэ.

…Энхтайваны гүүрэн дээр шатаад, дэлбэрэх гэж байсан машинаас Д.Баттүвшин гэх залуу хүмүүсийг аварчихаад “Эргэн тойронд яг л кино үзэж байгаа юм шиг хүмүүс цуглачихсан зүгээр л харж байлаа. Уг нь хүн үхэх гэж байхад бүгд аврахыг бодно биз дээ. Даан ч тэгээгүй. Бүгд машиныхаа гэрлийг асааж, унтраагаад утаснуудаа гаргаж ирэн бичлэг хийгээд л байсан” гэж халаглаж байлаа.

Тэр үнэн хэлсэн. Цахим ертөнцөд илүү олон лайк, шэйр хийлгэх гэж хоосон хийрхдэг, худлаа мэргэн туулайнууд дэндүү олширчихсон нь үнэндээ нууц биш. Хэзээ ч өөрийнхөө цахим хуудсанд муухай зургаа оруулдаггүй шигээ аливаад хуурамч, хэтэрхий өнгөцхөнөөр хандах тийм сэтгэл зүй нийгэмд улам бүр газар авах болжээ.

Өсвөр үеийнхэн үүгээр бол өвчилж байна. Бидний хойч үе хүнлэг энэрэнгүй үйл хэргийг хөхүлэн дэмжигчид бус хэрцгий балмад, зэрлэгүүд болон торинож байна. Намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ гэсэн шиг хүссэнээрээ нэрээ өөрчлөн хаяг нээж, түүндээ юуг л бол юуг оруулдаг болчихож.

Интернэт ажиллуулдаг залуу хүн буудчихаад өөрийгөө хөнөөсөн хэрэг жилийн өмнө гарсан. Тухайн залуугийн цахим хуудаснаа автомат буу худалдаж авах хүсэлтэй, түүгээр хэнийг хамаагүй шүрших сонирхолтойгоо илэрхийлсэн сэтгэгдэлүүд ч байсан талаар хожим ил болсон.

Нийгэмд хүнийг хүндлэх, хүн чанар, ёс суртахуун гээч улам бүр уналтанд орж буйн ердөө ганцхан жишээ нь өчигдрийн энэхүү бичлэг байлаа. Бидний үр хойч өнөөдөр иймэрхүү л байдалтай өсөн торниж байна. Ёс суртахуун, хүмүүжил гээчийн талаар энд яриад ч хэрэггүй. Эцэг, эхчүүд багш нар руу. Багш нар хүүхдүүд рүү бурууг бухна. Хүүхдүүд харин энэ нийгэм гээч эзэн биегүй хиймэл зүйл рүү чихнэ. Магадгүй нэгнээ зодсон охин сургуулийн нэр унагасан болж сургуулиасаа хөөгдөж өөр сургууль руу шилжих байх. Ингэж л шийднэ. Гэхдээ түүний тэрхүү эрэмдэг, зэрэмдэг сэтгэхүйд нь нөлөөлнө өө, гонж. Дахиад түүн шиг хүүхдүүд хэдэн мянга биш юм гэхэд зуугаараа бий. Хүүхдээ хувийн сургуульд сургаж, боловсролтой болгох гээд мөнгөний төлөөх тэмцэлдээ ялагджээ. Ингэж л зүтгэсээр хүүхдээ хэн болж, юуг хайрлаж, ертөнцийг үзэх үзэл нь юу вэ, аливаад хэрхэн хандаж, ямар хүмүүжилтэй хүн болон өндийснийг ч мэдэхгүй өсгөж байна. Эцэстээ энэ нь бид хүн биш үр могойг үржүүлж байна гэхээс өөр хэлэх үг алга. Тэд ирээдүйн эцэг эхчүүд гээд бод доо…

Л.ХАЛИУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж