Хүүхдэд эдийн засгийн түрэмгийлэл үзүүлж байна гэв

Хуучирсан мэдээ: 2013.05.22-нд нийтлэгдсэн

Хүүхдэд эдийн засгийн түрэмгийлэл үзүүлж байна гэв

Хувийн хэвшлийн дунд сургуулиудын зарим нь дараа жилийн сургалтын төлбөрөө эцэг эхчүүдээс хурааж эхэлсэн байна. Тухайлбал, Плехановын лицей дунд сургууль эцэг эхчүүдээс 200 мянган төгрөг шаарджээ. Нэгдүгээрт, хичээлийн жил хараахан дуусаагүй, хоёрдугаарт дараа жил хүүхдээ үргэлжлүүлэн сургах эсэхээ шийдээгүй байхад төлбөр өгөх учиргүй гэж үзсэн эцэг, эхчүүд цөөнгүй байгаа юм байна. Харин үүнийг сургуулийн захиргаа хүлээж авахгүй байгаа төдийгүй өнөөдөр төлбөр төлөөгүй хүүхдүүдийн цүнхийг хурааж авсан байна. Өөрөөр хэлбэл, “Төлбөрийн зохих хувийг төлөөгүй” гэдэг үндэслэлээр багш нь хүүхдүүдийн цүнхийг өгөхгүй, ангид нь авч үлдсэн байна. “Энэ хичээлийн жилд төлбөл зохих төлбөрийг нэгэнт төлөөд хоёр гэрээ байгуулсан. Гэтэл гэрээний хугацаа дуусаагүй байхад хүүхдэд эдийн засгийн түрэмгийлэл үзүүлж байгаа нь хууль бус” гэж эцэг, эхийн төлөөлөл хэллээ. Энэ асуудлаар БСШУЯ-нд гомдол гаргана гэв. Тус яам сургалт явуулах тусгай зөвшөөрлийг нь олгосны хувьд хувийн хэвшлийн сургуулиудын төлбөр үндэслэлтэй эсэх, захиргааны аливаа шийдвэр нь хүүхдийн эрхийг хөндөж байгаа эсэхэд хяналт тавих үүрэгтэй гэж эцэг, эхчүүд үзэж байгаа аж.

А.АМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж