Соёлын биет бус өвийг хамгаалах сургалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.05.22-нд нийтлэгдсэн

Соёлын биет бус өвийг хамгаалах сургалт эхэллээ

ЮНЕСКО-Японы Итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр “ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийг хэрэгжүүлэхэд Монгол улсын чадавхийг  бэхжүүлэх нь” төслийг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд “Хамт олонд түшиглэсэн соёлын биет бус өвийн бүртгэл” үндэсний сургалтыг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Соёлын өвийн төвтэй хамтран тавдугаар сарын 22-28-ны хооронд зохион байгуулах бөгөөд нээлт өнөөдөр ШУТИС-ийн “Е-Нээлттэй сургууль”-ийн Онлайн хурлын танхимд боллоо. Нээлтийн арга хэмжээнд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,  Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайд, Эрхэмсэг ноён Шимизу Taкeнoри, ССАЖЯ-ны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар Соёлын өвийн хэлтсийн дарга Ц.Цэндсүрэн, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын соёлын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, хатагтай Биатрис Калдун, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын соёлын төсөл хариуцсан мэргэжилтэн, ноён Жульен Гленат, ЮНЕСКО-ийн  Парис дахь төвийн төлөөлөгч хатагтай Барбара Торглер,олон улсын ажиглагчаар Хятадынурлагийн Академийн урлаг утга зохиолын онолын профессор, ноён Чен Фейлон, ЮНЕСКО-гийн Ази-Номхон далайн бүсийн Соёлын биет бус өвийн олон улсын сургалтын төвийн судлаач, хатагтай Ян Най, туслах судлаач, хатагтай Шу Мингжи нар оролцлоо.

Уг сургалтад соёлын өвийн төвийн соёлын биет бус өвийг ЮНЕСКО-д нэр дэвшүүлэх асуудлыг хариуцсан холбогдох мэргэжилтнүүд, соёлын чиглэлээр ажилладаг судлаачид, шинжээчид болон 21 аймгаас соёлын өвийг дэлгэрүүлэгчид хамрагдах ажээ. Сургалтыг Токио дахь Бодлого судлалын үндэсний хүрээлэнгийн профессор, хатагтай Норико Айкава, Сингапур улс дахь Милоу студийн Өвийн төсөл ба харилцаа холбооны хэлтсийн дарга, хатагтай Сюзанн Ог зэрэг олон улсын эксперт нар удирдан явуулах юм байна.

Сургалтын гол зорилго нь соёлын биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлэх үйл явц, аргачлал, туршлагад суралцах цаашлаад бүртгүүлснээр Монгол улсын хувьд ямар ач холбогдолтой болохыг төлөвшүүлэх, конвенцид нэгдэн орсноор олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагыг таниулах болон хадгалалт хамгаалалтыг сайжруулахад орших тухай албаныхан мэдээллэсэн юм.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж