Тэргүүн баяны хүү ном бичжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Тэргүүн баяны хүү ном бичжээ

Дэлхийн толгой баячуудын нэг Warren Buffet хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын талаар нилээд хэдэн ном бичиж байсан. Харин түүний хүү Peter Buffet мөнгөний үзлийнхээ тухай нэгэн сонирхолтой ном бичжээ. Хэдийгээр тэрбээр тэргүүн баяны хүү болон мэндэлсэн ч тансаг хангалуун амьдралд булхуулж өсөөгүй гэнэ.
Энэ тухайгаа тэрбээр “Эцэг эхчүүд хүүхдээ багаас нь мөнгөний талаар зөв хүмүүжилтэй болгох хэрэгтэй. Хүссэн бүхнийг нь авч өгч, бүх зүйл боломжтой байдаг гэсэн сэтгэлгээг төлөвшүүлж болохгүй. Мөнгийг хэрхэн хөдөлмөрлөж байж олдог, мөн үнэ цэнэ нь юу байдгийг ойлгуулах нь ирээдүйн амьдралд нь оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм” хэмээн ярьжээ.
Өдгөө 52 настай хөгжмийн зохиолч, хөгжимчин тэрбээр “Life is what you make it: Finding your own path to fulfillment” нэртэй номондоо мөнгөний жинхэнэ үнэ цэнийн тухай өгүүлсэн үнэт үгээ багтаасан байна.
Мөн тэрбээр “Би өөрийнхөө амьдралыг өөрийн гараар бүтээж чадсан. Би өөрөө өөртөө эзэн байж чадсан. Энэ омогшил ямар сайхан гээч. Энэ бол нэр алдар, эд хөрөнгө юу юунаас илүү үнэтэй сайхан мэдрэмж. Өөрийн дуртай зүйлийг нээн олж, өөрийгөө чухал хүнээр мэдэрч, хийж буй ажлаасаа сэтгэлийн таашаал мэдрэх бол хамгийн үнэ цэнэтэй зүйл” хэмээн нэмж хэлсэн байна.
Дашрамд сонирхуулахад, тэрбээр 19 насандаа 90 мянган ам.долларын хувьцааг эзэмших эрхтэй болсон ба сургулиа төгсөнгүүтээ бие даан амьдрахаар шийдэн Сан-Франциско руу нүүжээ. Өөрийн сонирхолдоо үнэнч байж орон нутгийн телевизүүдэд үнэгүй ажиллан, хөгжим бичиж өгдөг байсан аж. Түүний эхлэл тийм ч амар байгаагүй гэдэг. Нэг хэсэг тэрбээр юу хүсч, юуны төлөө явж байгаагаа ч ойлгохоо больсон байсан тухайгаа дурсан ярьсан байна. Гэхдээ шантралгүй зүтгэсний эцэст тэрбээр өөрийн зорилгодоо хүрсэн байна. Тэрбээр аавынхаа их хөрөнгө, бизнесээс хол хөндий байсан ч 2004 онд ээж нас барснаас байдал өөрчлөгдсөн байна. Ээж нь түүнд чамгүй их хөрөнгө үлдээсэн аж. Энэ явдлаас хойш тэрбээр эцгийнхээ ажилд туслан, буяны байгууллагад нь ажиллах болсон байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж