Улсын эмнэлэгт таван ялтан эмчлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2013.05.22-нд нийтлэгдсэн

Улсын эмнэлэгт таван ялтан эмчлүүлж байна

“Хорих ангид ял эдэлж байгаа хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн ялтныг орон нутгийн болон төвийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн эмчлэхийг хориглоно” гэх 2002 оны журмыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар өнгөрсөн нэгдүгээр сарын 15-нд хамтарсан тушаал гаргаж, хүчингүй болгосон. Энэ шийдвэрийн дагуу Хорих 401 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, ял эдэлж байсан ялтнуудад улсын гэгдэх томоохон эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэх эрх олдсон билээ. Тухайн үед “сайд нарын” хэмээх хоёрдугаар эмнэлгийн хорихын эмнэлэг болгон өөрчилж, зарим тасгийг торлож, камержуулан иргэдийн анхаарлыг багагүй татаад амжсан санагдана. Харин сүүлийн үед ялтнуудыг гуравдугаар шатлалын эмнэлэгт сэмхэн шилжүүлж эмчилдэг болсон гэнэ. Ингээд сайд нарын хамтарсан тушаал амьдрал дээр хэрхэн биелэлээ олж, хэдэн хүмүүжигч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг сонирхлоо.

Одоогоор Улсын гэгдэх гуравдугаар шатлалын эмнэлэгт таван хүмүүжигч, харгалзагчдын хараа хяналтад эмчлүүлж байна. Тодорхой хэлбэл, Улсын гуравдугаар эмнэлэгт нэг, Гэмтэл, Согог судлалын эмнэлэгт нэг, Улсын хоёрдугаар эмнэлэгт гурван хүнд, онц хүнд ялтай хүмүүжигч хэвтэн, эмчлүүлж байгааг баттай албаны эх сурвалж хэллээ. Яг ямар өвчний улмаас улсын гэгдэх эмнэлгүүдэд эмчлүүлж байгааг харин нууцалсан юм. Халдвар судлалын үндэсний төвд өнгөрсөн дөрөвдүгээр сард олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчин нь хүндэрсэн гэх 429 дүгээр ангийн хүмүүжигчийг эмчилж эмнэлгээс гаргасан билээ. Угтаа Эрүүл мэндийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүнд, онц хүнд гэмт хэрэгт буруутгагдан ял эдэлж байгаа хүмүүжигчдийг жирийн ард иргэд хэвтэн эмчлүүлж байгаа улсын эмнэлгүүдэд хэвтүүлэн эмчлэхдээ хэвтэх тасгийг торлож, камержуулан, 24 цагийн харгалзагчийн хамгаалалтад байлгана гэж байсан. Ингэснээр хэвтэн эмчлүүлж байгаа жирийн иргэдийн аюулгүй байдлыг хангаж чадна гэж бүр баталж байсан.

Одоогоор эмчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байна вэ? Улсын  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа эмчлүүлэгсдийн аюулгүй байдлын талаар ярихын өмнө “Хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн” ялтан гэж чухам хэн болох тухай дурьдах нь зүйтэй байх. Товчхондоо хэлбэл, Улсын эмнэлэгт шилжин эмчлүүлэх “болзол”-ыг хангасан гэмт хэрэгтнүүд нь хүний амь нас хохироосон, хүчингийн хэрэг үйлдсэн, удаа дараа давтан гэмт хэрэг үйлдэж, чанга дэглэмтэй хорих ялаар шийтгүүлсэн, хуулийн хэллэгээр бол рецетив гэмт хэрэгтнүүд байдаг. Тиймээс эдгээр нөхдийг жирийн иргэдтэй хамт нэг дор эмчилнэ гэдэг нь эмчлүүлэгсдийг айдаст автуулж, нойргүй хонуулж байгаа нь дамжиггүй. Гэтэл одоо Улсын хоёрдугаар эмнэлгийг эс тооцвол ХӨСҮТ, Улсын гуравдугаар эмнэлэг, ГССҮТ гээд бүгд л онц хүнд, хүнд ялтай ялтнуудыг хоёр харгалзагчид даатгаж байна. Мөн торлосон, камержуулсан, тусгаарласан тасаг нэг ч алга. Мөн жирийн иргэдэд элдэв айдас, дарамтгүй эмчилгээ хийж дадсан улсын эмнэлгийн эмч нар эрүүгийн гэмт хэрэгтнүүдтэй “тулахад” багагүй хүндрэл учирч байгаа нь дамжиггүй. Эмнэлгийн ажилчид энэ талаар мэдээлэл өгч болохгүй гэсэн, сайн мэдэх юм алга, шүүхийн шийдвэр гүйцэтгэж байгаа байгууллага бүгдийг мэдэж, хариуцаж байгаа гэхээс өөр мэдээлэл өгсөнгүй.

Рецетив гэмт хэрэгнүүдийг заавал улсын эмнэлэгт шилжүүлэн эмчлэх шаардлагагүй гэлцэх хүмүүс цөөнгүй байна. Зайсангийн хорих буюу хорих 401 дүгээр ангийн эмнэлэг нь 120 ортой, энэ хэмжээний хоригдлыг нэг дор хүлээн авч эмчлэх хүчин чадалтай гэсэн үг. Гэвч энэ эмнэлэгт 2010 онд 11, 2012 онд арван ялтан өвчний улмаас амиа алдсан байдаг. Ялтнуудын дийлэнх хувь нь бөөр, сүрьеэ, зүрх судасны өвчний улмаас нас бардаг. Тиймээс хүмүүжигчдийг  заавал улсын эмнэлэгт шилжүүлж эмчлүүлэхгүйгээр, оношилж, эмчлэхэд хүндрэлтэй байгаа өвчнүүдийг эмчлэхээр улсын эмнэлэгт ашигладаж байгаа тоног төхөөрөмж, шинжилгээний аппаратаар Хорих 401 дүгээр ангийн эмнэлгийг хангавал зөв шийдэл юмсан. Эс чадна гэвээс Улсын эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангасны дараа рецетив гэмт хэрэгтнүүдэд улсын эмнэлэгт жирийн иргэдтэй зэрэгцэн эмчлүүлэх эрх олгомоор.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж