МЧБХ-ны ЕНБД-ыг томилжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.22-нд нийтлэгдсэн

МЧБХ-ны ЕНБД-ыг томилжээ

МЧБХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар Э.Сайнсанаа,
ерөнхий менежерээр Д.Батням томилогдов

МЧБХ-ны шинэ ерөнхийлөгч Д.Дагвадоржийн шийдвэрээр тус холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Э.Сайнсанаа, ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, ерөнхий менежерээр Д.Батням томилогдсон талаар Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга Энхболдын Сайнсанаа:

Япон судлаач мэргэжилтэй, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Японы Үцүномияагийн их сургууль төгссөн. Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Бизнес хөгжлийн газарт ажиллаж байгаад энэ оноос “Нэйшнл инвестмент менежмент” компанид төслийн ахлах менежерээр ажилладаг. “Асашёорюү сан”-гийн гүйцэтгэх захирал. 2009 оноос МЧБХ-ны гадаад харилцааны орон тооны бус ажилтнаар ажиллаж байсан.

Ерөнхий менежер Даваажавын Батням:

ХААДС болон "Их шавь" биеийн тамирын дээд сургууль төгсөж, дасгалжуулагчийн мэргэжил эзэмшсэн. "Их шавь" биеийн тамирын дээд сургууль, БТСХ-ны Спортын анагаах ухааны албанд ажиллаж байсан. Чөлөөт бөхийн “Хөх чоно” клубын дасгалжуулагч. Чөлөөт бөхийн спортын мастер, насанд хүрэгчдийн УАШТ-нээс мөнгө, хүрэл, залуучуудын УАШТ-нээс 4 алтан медаль хүртэж байсан. Чөлөөт бөхийн дасгалжуулагчаар 13 жил ажиллаж байгаа.

Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөл энэ тавдугаар сарын 1-нд хуралдаж, тус холбооны Ерөнхийлөгч, "Гацуурт" компанийн захирал Л.Чинбатыг чөлөөлж, Асашёорюү Д.Дагвадоржийг холбооны ерөнхийлөгчөөр сонгосон юм.

Сануулахад, Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Г.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн даргаар  Ц.Сэрээтэр нар ажиллаж байв.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж