Сенатын хороо цагаачдын хуулийн төслийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2013.05.22-нд нийтлэгдсэн

Сенатын хороо цагаачдын хуулийн төслийг дэмжив

Америкийн Сенатын Хууль зүйн хороо тус орны нутаг дэвсгэрт хараар амьдарч байгаа цагаачдын эрхийг хуульчилж өгөх тухай хуулийн төслийг энэ сарын 21-ний өдрийн хуралдаанаараа дэмжлээ гэж Reuters мэдээлэв. Төслийг 13 хүн дэмжиж, тав нь эсрэг саналтай байжээ.

Цагаачдын асуудлын шинэчлэлийг дэмжигч. 2013 оны дөрөвдүгээр сар. Фото: Jacquelyn Martin / AP

Сенат бүрэн бүрэлдэхүүнээрээ хуулийн төслийг ирэх зургадугаар сард хэлэлцэж эхлэнэ гэсэн хүлээлт байгаа. Төлөөлөгчдийн танхим нь Цагаачлалын хуулийн талаарх өөрсдийн дүгнэлтийг гаргаагүй байна.

Нэгдүгээр сарын сүүлчээр ардчилагч нар ба бүгд найрамдахчуудын сенаторуудын санаачилсан хуулийн энэ төслийг ерөнхийлөгч Барак Обама дэмжсэн байв. Уг төсөл батлагдвал одоо АНУ-д хууль бусаар амьдарч байгаа 11,5 сая цагаачид хууль ёсоор амьдрах эрхтэй болно. Тухайлбал, энэ хуулийн дагуу торгуул болон татварын өрөө төлөөд  иргэншлэл авч болох гэнэ.

Үүний зэрэгцээ, хуулийн төсөлд хууль бусаар цагаачлах төвшинг бууруулах олон арга хэмжээг тусгаж өгсөн байна.

Өнгөрсөн онд дахин сонгогдсон ерөнхийлөгч Барак Обама Цагаачлалын хуулийн салбарт өөрчлөлт хийхээр амласан юм. Энэ төсөл батлагдвал 1986 оноос хойших цагаачлалын асуудлын хамгийн чухал хуулиудын нэг болно.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж