“Air India” компанийн AI 403 рэйсийн онгоцоор Дели-Бангалорын чиглэлд нисч явсан хүмүүс саяхан яг ийм байдалд оржээ. Зорчигчдыг харсаар байтал нэгдүгээр нисэгч нь ОО-ийн өрөө рүү явж ирээд бүхээгтээ орох гэтэл хаалга нь онгойсонгүй. Бүхээгтээ байсан хоёрдугаар нисэгч ч дотроос нь оролдоод хаалгыг онгойлгож чадсангүй. Зарим хэвлэлд бичсэнээр зорчигчид тэгтлээ үймэлдээгүй гэнэ. Харин зарим нь нэлээд үймээн болсон гэсэн нь үнэнд илүү нийцмээр. Агаарт яваа хөлгийн дарга ажлынхаа байр руу орж чадахгүй байгаа байдал нь зорчигчдод сайхан харагдаагүй, тэднийг баясгаагүй нь мэдээж. Хаалганы цаана бас нэг нисэгч байгаа, бас онгоцонд автомат жолоодлого бий гэдгийг мэдэж байвч баясаагүй нь л лав. Товчхондоо бол хөлгийн удирдлагыг хоёрдугаар нисэгч гартаа авч, газрын албатай холбоо барин төлөвлөгөөт бус буулт хийх зөвшөөрөл хүсчээ. Диспечерүүд ч буухыг зөвшөөрснөөр онгоц Бхопал хотод ослын буулт хийсэн байна. Газрын албаныхан багийн гишүүд болон зорчигчдод туслахаар ирснээр гадна хаалга засах инженерүүд ч иржээ. “Air India” компанийн хожим мэдэгдсэнээр энэ бүх хугацааны туршид зорчигчдын аюулгүй байдал хэвийн, онцгой байдалд хэрэгжүүлэх дүрэм журам бүрэн биелэгдсэн гэнэ. Хаалгыг зассаны дараа онгоц нислэгээ үргэлжлүүлсэн бөгөөд Бангалорт буух байсан цагаасаа гурван цагаар хоцорч очжээ.
Газарт байгаа хүмүүст бол хөгжилтэй санагдаж ч болох энэ үйл явдал тэрүүгээрээ болоод өнгөрч ч болох байв. Энэтхэг угаас том орон болохоор энэ зэргийн юм бишгүй л болж байдаг. Гэвч “Air India” компанийн хувьд ийм явдал анх удаагийнх биш болохоор энэ хэрэг олны анхаарлыг яалт ч үгүй татжээ. Үүнээс яг нэг сарын өмнө “Air India” компанийн “Airbus-320” онгоц 166 зорчигчтойгоор Делигээс Бангкок руу нисч явав. Хөлгийн дарга Б.К.Сони, хоёрдугаар нисэгч Равиндра Натх нар хэсэг зуур нойр авахаар шийдээд бүхээгээсээ гарч нэгдүгээр ангиллын суудалд очин дугхийжээ. Янз бүрийн мэдээ байгааг нэгтгэн дүгнэхэд тэд доод тал нь 20, дээд тал нь 40 минут унтсан бололтой. Тэд онгоцоо зүгээр нэг хаячихаагүй нь мэдээж. Онгоцны хоёр үйлчлэгчийг бүхээгтээ оруулан заавар өгч, онгоц хэрхэн нисч байгааг тайлбарлаад аль товчин дээр дарахгүй байхыг зааж өгчээ. Үйлчлэгч нар нисэгчдийн бүхээгт байх огт хориотой биш, тухайлбал ууж идэх юм оруулж өгч болдог ч бусад тохиодолд зөвшөөрдөггүй. Гэтэл хоёр нисэгч энэ дүрмийг шууд зөрчсөн байна. Тэднийг амрч байх хойгуур үйлчлэгчдийн нэг нь онгоцны автомат удирдлагыг санаандгүй салгачихжээ. Онгоц удирлагагүйгээр хэр удаан ниссэн нь тодорхойгүй, ямар ч байсан хоёр нисэгч золоор цаг алдаагүй байхад нь нойрноосоо сэрж бүхээгтээ ирснээр хөлөг болоод зорчигчид аврагджээ.
Энэ явдлын дараа “Air India” компани мэдэгдэхдээ, үнэн хэрэгтээ бол нисэгчид бүхээгээсээ гараагүй, харин ачаалал ихтэй байсан учраас болгоомж алдаж автомат удирдлагаа салгасан гэсэн байна. Улмаар тус улсын Иргэний нисэхийн ерөнхий газар уг хэргийг мөрдөн шалгаад, нисэхийн аюулгүй байдлын дүрэм журмыг ноцтой зөрчсөн явдал хэмээн дүгнэсэн юм. Тавдугаар сарын дөрвөнд “Air India” компани салбарын эрх барих байгууллагын уур унтууг дарах гэсэн үү, хоёр нисэгч, хоёр үйлчлэгчийг ажлаас нь халснаа зарласан бөгөөд шалгалтын мөрөөр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн тухайд бол одоо болтол таг чиг байна.
“Air India” компанийн нисэгчид агаарт унтсан явдал 2008 онд ч мөн гарч байжээ. Тухайн үед Дубай-Жайпур-Мумбайн чиглэлд нисч явсан онгоц маршрутын эцсийн цэгээсээ 600 километр хазайсан нь ядарсан нисэгчид нь унтсанаас болсон гэнэ. Хэдэн зуун зорчигчтой онгоц өндөр хасах газраа хасахгүй байгааг диспечерүүд хараад түгшүүр зарлаж, улмаар нисэгчдийг сэрээжээ. Нисэгчид сэрүүтээ онгоцоо эргүүлж, ямар ч байсан буух газартаа буусан байна. Онгоц буусны дараа “Air India” компани мэдэгдэл хийхдээ, 600 километр хазайсан явдал байхгүй гэв. Тэдний өгүүлснээр бол диспечерүүд онгоцтой хэсэгхэн хугацаанд холбоо тасарсан бөгөөд нисэгчид унтсан явдал огт байхгүй, онгоц замаасаа ердөө 15-20 километрээр л хазайсан гэнэ. Хамгийн гол нь ямар ч гарз хохирол гараагүй болохыг компани онцолсон юм.
Байдал ийм байхад “Air India” ердийн дэглэмээр ажилласаар л байна. Элдэв бусын дутуу дулимаг зүйлээс нь болж “Boeing 787 Dreamliner” онгоцоор нислэг үйлдэхийг дэлхий даяар хориглосон нь ч “Air India” компанийг сөхрөөсөнгүй. Энэ хоригоос болж нэлээд хохирол амссан тус компанийн ашиг орлогын байдал удахгүй сайжрах бололтой бөгөөд энэ сарын сүүлээр тавын таван “Boeing 787 Dreamliner”-ыг ямар ч байсан агаарт хөөргөнө гэдгээ “Air India” саяхан мэдэгджээ.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин