Жинхэнэ “тулаан” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.05.22-нд нийтлэгдсэн

Жинхэнэ “тулаан” эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа. Сонгуулийн хуулийн дагуу нэр дэвшигчдийг тавдугаар сарын 17-ны дотор бүртгэж, гурав хоногийн дотор бүртгэх эсэхээ шийдвэрлэн тавдугаар сарын 22-ний өдөр албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэх гардуулна гэж заасан. Үүний дагуу СЕХ өнөөдөр 10.30 цагт АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржид, 11.40 цагт МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ, 12.00 цагт МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал нар тус тус нэр дэвшигчийн үнэмлэхийг нь олголоо.

Нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авсан өдрөөс эхлэн сонгуулийн сурталчилгааг эхлүүлнэ. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч үнэмлэхээ гардан авсан өдрөөс эхлэн сонгогч олонд мөрийн хөтөлбөрөө танилцуулах, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдохын тулд ямар ажил хийх зэргээ танилцуулна. Нэр дэвшигчдийн хувьд сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлэх газраа товлосон. Тухайлбал, МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ сонгуулийн сурталчилгааны нээлтийн ажиллагаагаа СТӨ-нд 15:30 минутанд хийх юм. Тэрбээр Чингисийн хөшөөнд цэцэг өргөж, өөрийн төрсөн нутаг болох Хэнтий аймгаас сурталчилгаагаа эхлүүлэх бол АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Яармагт байрлах “Шунхлай” ШТС-д болох “Монгол-93” шатахууны нээлтэд оролцоод, тэндээсээ шууд Дорнод аймгийг зорих гэнэ. Харин МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал намын дарга Н.Энхбаяртайгаа уулзах бөгөөд маргааш нийслэл хотоос, тодруулбал Циркт албан ёсны сурталчилгааны нээлтээ хийх юм байна. 

Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаа хийхдээ хууль зөрчихгүй, насанд хүрээгүй хүүхэд сонгуулийн сурталчилгаанд оролцуулахгүй, сонгогчдын саналыг татах зорилгоор эд материал болон мөнгө тараахгүй гэсэн хатуу заалтууд энэ удаад ч мөн үйлчилнэ. Хэрэв мөнгө тараавал тараасан мөнгийг тухай нэр дэвшигчээс 20 дахин нугалуулж төлөх заалт бий. Ингэхдээ сонгуулийн штабын шадар туслах болон ажилтан, нэр дэвшигч гээд мөнгө тараасан этгээдэд торгуулийн арга хэмжээ авах юм.

 Энэ удаагийн сонгуулийн хуулийн нэг онцлог нь нэр дэвшигчид нэр дэвшигчийн үнэмлэхээ авснаас хойш нэрээ татах боломжгүй юм. Сонгуулийн сурталчилгаанд явж буй сонгуулийн ажилтан нь өөрийн нэр дэвшигчийн нэрийг илтгэх энгэрийн тэмдэг, тусгай таних тэмдэг заавал зүүсэн байх аж. Мөн сонгуулийн сурталчилгаанд төрийн байгууллагын авто машиныг оролцуулахгүй бөгөөд сонгуулийн сурталчилгаанд явж буй тээврийн хэрэгсэл ч мөн таних тэмдэглэгээг автомашиндаа наасан байх юм байна.

Энэ мэт хуулийн заалтууд чандлан сахиж, сурталчилгаагаа хийхгүй бол хариуцлага өндөртэй хууль болсон гэдгийг хууль санаачлагчид онцолж буй. Өнөөдрөөс албан ёсны  “тулаан” эхэлж,  нэг сар дөрөв хоногийн хугацаанд сурталчилгаа үргэлжилнэ. Ингээд санал авах өдөр буюу зургадугаар сарын 26-ний өдрөөс 24 цагийн өмнө буюу зургадугаар сарын 25-ний өдрийн 00.00 цагт сонгуулийн сурталчилгаа дуусгавар болно. Нэг сар дөрөв хоногийн хугацаанд үргэлжилсэн сурталчилгааны “тулаан” өндөрлөж, сонгогчид саналаа өгөх сонголт үлдэх юм.

Ш.ЧИМЭГ










NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж