МАН-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. СЕХ-ноос тавдугаар сарын эхээр аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг баталсан. Гэтэл бүрэлдэхүүнд багтсан 198 хүний 150 нь сонгуулийн байгууллагад ажиллах чадамжгүй хүн байсан төдийгүй 107 хүн өмнө нь сонгуулийн штабуудад дарга, нарийн бичгийн даргын алба хашиж байсан, АН-ын төлөөлөл болон ажиллаж байсан, мөн төрийн албанд түр үүрэг гүйцэтгэгчээр ажилд орсон хүмүүс байсан нь тогтоогдсон гэж МАН-ын зүгээс мэдээллээ. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд энэ мэт шаардлага хангахгүй түр үүрэг гүйцэтгэгч нарыг олноор томилсон байдлыг засуулахаар МАН-аас СЕХ-нд шаардлага хүргүүлсэн ч зөрчил арилаагүй бөгөөд 20 гаруй үүрэг гүйцэтгэгч дахин томилсон гэж тэд үзэж байгаа юм байна.
Мөн СЕХ-ноос баталсны дагуу 1538 хэсгийн хороог аймгуудад байгуулсныг судалж үзэхэд 30 хэсгийн хороо илүү, 26 нь хуульд заасан “Хэсгийн хороог 200-гаас доошгүй сонгогчтой байгуулна” гэх заалтыг зөрчсөн, мөн сонгогчийн тоо нь тодорхойгүй 33 хэсгийн хороо байна гэлээ.
Мөн МАН-ын зүгээс “Албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэх олгоогүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа явуулж эхэлсэн. Энэ тухай бүхий холбогдох байгууллагууд /цагдаа, ШӨХТГ, СЕХ/-д мэдэгдэж шаардлага тавихад хүлээж авч шийдэхгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн нь хууль зөрчиж байна гэж дүгнэхэд хүрч байна гэдгийг онцоллоо.
Ш.ЧИМЭГ