Урд хөршийн “амбицтай” төлөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2013.05.21-нд нийтлэгдсэн

Урд хөршийн “амбицтай” төлөвлөгөө

БНХАУ экспортынхоо ачаар гадаад валютын
хамгийн их нөөцтэй орон болж чаджээ. Уг нөөц нь цаг үргэлж өсөн үрждэг
бөгөөд одоогийн байдлаар 3.44 их наяд ам.доллар хүрээд байна. Энэ нь
Герман улсын эдийн засгийн хэмжээтэй тэнцүү юм. Барууны олон орон
өөрсдийн худалдааны алдагдлын хэмжээнд маш их санаа зовж байгаа бол
Хятадын хувьд санаа зовох өөр асуудал бий.

Урд хөршийн гадаад валютын нөөц ямар
валютаас бүрдэж байгаа нь нууцын зэрэглэлтэй мэдээлэл боловч хэдэн
жилийн өмнө тус улсын Үнэт цаасын сэтгүүлд уг нөөцийн 65 хувийг
ам.доллар, 26 хувийг евро, гурван хувийг иен эзэлж байгааг мэдээлжээ.

АНУ-ын Засгийн газрын өрийг эзэмшигч
хамгийн том гадаад гүрэн бол тус улсын Холбооны Төвбанкны дараа орох
Хятад улс. Түүнчлэн Европын орнуудын Засгийн газрын өрийг тодорхой
хэмжээгээр эзэмшдэг. Гэхдээ мэдээж евро бүсийн өр ширэнд баригдсан зарим
орны Засгийн газруудаас хүсч байгаа шиг тийм их хэмжээгээр биш.

Хятадын экспорт импортоосоо давсан
ашигтай байгаа нь нэг талаас сайн мэдээ. Гэвч нөгөө талаас тус улсын
Ардын банкны дэд ерөнхийлөгч Яи Ганг валют солих ханш тогтмол болсноос
худалдааны энэхүү илүүдэл нь асуудал болоод байгааг хэлжээ.

Сорилт

Валют нөөцлөх нь тухайн улсын валютыг
довтолгооноос хамгаалах арга бөгөөд шаардлагатай үед валютынхаа ханшийг
тогтвортой байлгахын тулд нөөцөөсөө зарж борлуулдаг. Азийн санхүүгийн
хямралаас хойш Хятадын Төвбанк ийм сургамж авчээ. Юань дээш, доош нэг
хувийн багахан хэлбэлзэлтэй байгаа үед нөөцөд ашигтай. Гэхдээ Хятад
улсад хэр хэмжээний нөөц шаардлагатай болох нь тодорхойгүй байна.

Цаашид
ам.доллар, еврогийн ханш унах эсэх нь санаа зовоосон асуудлыг
хязгаарлахгүй. Асуудлын гол нь тухайн улсын эдийн засагт маш их
хэмжээний юанийг гадаад валютын нөөц нийлүүлж байгаад оршино. Энэ нь
үнийн өсөлт тэр дундаа орон сууцны үнэ хөөрөгдөх асуудалд хүргээд буй.

Хятадын Төвбанк валютын нөөцийн
хуримтлал үүсгэхдээ ам.доллар, евро, фунт стерлинг болон иенийг худалдан
авах юаниа шинээр хэвлэж, нөөц рүүгээ нэмдэг аж. Үүнээс болж инфляци
үүсэхээс урьдчилан сэргийлж, Төвбанк дээрх үнийн дүнтэй тэнцүү юанийг
эдийн засгаасаа татан төвлөрүүлдэг байна. Тус улсын өнөөгийн эдийн засаг
найман их наяд ам.доллараар хэмжигдэж буй. Хэрвээ энэхүү том зах зээл
3.4 их наяд ам.доллараар нэмэгдвэл юу болох бол.

Мэдээж ийм их хэмжээний юанийг эдийн
засгаас шууд авчихгүй нь ойлгомжтой. Үүнийг хийхдээ Төвбанк арилжааны
банкуудын хадгалуулсан мөнгөний хүүг нь төлж, мөнгөө цаашид
хадгалуулахыг тэдэнд уриалж, дэмжлэг үзүүлдэг байна. Гэвч энэ байдал
цаашид удаан үргэлжлэх нь юу л бол. Учир нь арилжааны банкууд мөнгөө
Төвбанкнаас илүү ашигтай бизнесүүдэд байршуулах хүсэлтэй байгаа нь
тодорхой.

Хятад улс төрийн өмчит банкны
тогтолцоотой болсноос хойш Төвбанкнаас өгсөн удирдамжийн дагуу бүх зүйл
ном, журмын дагуу хийгдсээр иржээ. Гэвч валютын нөөц нь илүүдэл мөнгө,
хөрвөх чадварын эх үүсвэр болсон хэвээрээ байгаа аж.

Хятадын чин хүсэл

АНУ,
Европын Засгийн газруудын бондоос олох ашиг (эсвэл бодлогын хүү)
тааруухан байгаа тул Хятадын Төвбанк валютын нөөцдөө хуримтлуулсаар
ирсэн ашгийн хэмжээ цаашид хэвээр үргэлжлэх эсэх нь асуудлыг улам
хурцатгаж байна.

Тиймээс Хятад улс валютын нөөцөө хилийн
чанад дахь хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх хэрэгсэл болгон ашиглаж
байгаа аж. Тус улс эргийн боомт, нийтийн аж ахуй, байгалийн баялаг,
технологи, санхүүгийн компани зэрэг үл хөдлөх хөрөнгө худалдан авах
сонирхолтой. Энэ нь хоёр сайн талтай. Нэгдүгээрт, үл хөдлөх хөрөнгийн
компаниуд санхүүгийн хэрэгслээс олдог ашгаас илүү ихийг олно.
Хоёрдугаарт, энэ нь үндэстэн дамнасан корпораци байгуулах эдийн засгийн
томоохон зорилгодоо хүрэхэд нь дэмжлэг болох аж.

Хятадын “Гадагшаа тэлэх” бодлого

Дэлхийн түвшинд өрсөлддөг компаниуд тус
улсыг өөрийн технологийн чадавх, бүтээмжийг сайжруулахад нь дэмжлэг
үзүүлдэг. Энэ нь эдийн засгийн өсөлтийг тэтгэх гол хүч болдог. Өөрөөр
хэлбэл “Samsung”, “HTC” зэрэг дэлхийн брэндийг амжилттай хөгжүүлж,
өөрийн баялгийг бүтээж чадсан БНСУ, Тайвань зэрэг улсын жишгийг дагах
сонирхолтой байгаа аж.

Дээрх жишиг нь “Дэлхийн хэмжээнд хүрэх”,
“Гадагш тэлэх” бодлогоо 2000 онд хэрэгжүүлж эхэлсэн үеэс Хятадын
зорилго, тэмүүлэл болжээ. Тус улсын “TCL” компани Францын “Thomson”
брэндийг 2003-2004 онд худалдан авснаар хилийн чанад дахь худалдааны
анхны хөрөнгө оруулалтаа эхэлж байв. Тэр үеэс гадагшаа чиглэсэн хөрөнгө
оруулалт маш хурдацтай нэмэгдэж, өнөөдөр маш өндөр түвшинд хүрээд байна.

Өнгөрсөн
оны арванхоёрдугаар сард тус улсын гадагшаа чиглэсэн хөрөнгө оруулалтын
хэмжээ дотогш чиглэсэн гаднын хөрөнгө оруулалтыг давсан үзүүлэлттэй
болжээ. Ийнхүү хөрөнгө оруулалтын байр солигдсон нь тус улс ерөнхийдөө
эдийн засгийн хөгжлийн өндөр түвшинд хүрч байгааг илтгэж буй хэрэг ажээ.

БНХАУ-ын төрийн өмчит компаниуд хилийн
чанадад хөрөнгө оруулалт хийсээр даруй гучин жил өнгөрсөн бөгөөд цаашид ч
үргэлжлэх болно. Хятадын төрийн өмчит “Төрийн шугам сүлжээ” компани нь
дэлхийн хамгийн том нийтийн аж ахуйн компани бөгөөд Австралийн эрчим
хүчний зах зээлд хоёр дахь удаагаа хамтран ажиллана гэдгээ саяхан
мэдэгдсэн байна.

Гадагш чиглэсэн хөрөнгө оруулалт нэлээд
төрөлжсөн бөгөөд зөвхөн байгалийн баялаг, эрчим хүчээр хязгаарлагдахгүй.
Хөрөнгө оруулалтын цар хүрээ Ази, Өмнөд Америк болон Европ тивийг өргөн
хамарсан аж.
 

Асуудал өөрөө шийдэгддэг

Өнгөрсөн онд Хятадын төсвийн илүүдэл
ДНБ-ий гурван хувиас доогуур үзүүлэлттэй байв. Харин 2008 онд болсон
дэлхийн санхүүгийн хямралын өмнө арван хувьд хүрч байжээ. Гаднын
орнуудын эдийн засгийн сэргэлт удаашралтай байгаагаас тус улсын экспорт
өсөх нааштай хандлага төдийлэн ажиглагдахгүй байгаа аж. Тиймээс ч гадаад
валютын нөөц нь өмнөх шигээ их хэмжээгээр нэмэгдэхгүй гэсэн хүлээлттэй
байна.

Цаашид экспортоо нэмэгдүүлэх нь Хятадын
үндэстэн дамнасан корпорациудын өрсөлдөх чадвараас шалтгаална. Тиймээс
тус улсын хувьд хилийн чанадад хийх хөрөнгө оруулалтаа дэлхийд хүлээн
зөвшөөрөгдөх хэмжээнд хүргэх нь маш чухал болж байна. Эдгээр компаниуд
сайн өрсөлдөх чадварт үндэслэн цаашид санхүүжилтээ улам нэмэгдүүлэх
шаардлагатай болох юм. Хятад компаниуд дэлхийн түвшинд олноор гарч
ирэхийг бид харах нь ойлгомжтой. Гэхдээ тэдгээрийн амжилт зөвхөн
өөрсдийнхөө төлөө бус, Хятадын эдийн засгийн өсөлтийн тусын тулд байх
болно.

Эх сурвалж: BBC мэдээллийн агентлаг

 Р.ГАНТУЛГА

Эх сурвалж: www.MongolianEconomy.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж