Хуучирсан мэдээ: 2013.05.21-нд нийтлэгдсэн

Эртээ урьдын цагт Монгол газар
амьдран сууж асан Түрэгийн хаант улс гэж байсан гэнэм. Нэгэн цагт хүчирхэгжин
мандаж асан энэ улс талын нүүдэлчдийн эртний өшөөт дайсан нангиадын эрхшээлд 50
гаруй жил дарлагдан зовж байгаад МЭ 693 онд /зарим судлаачид загалмайтны
тооллын ч гэдэг/ босч тэмцэн дахин тусгаар улсаа байгуулсан байна. Түрэгийн
хожуу хаант улс хэмээн одоо нэрлэх болсон сэргэн мандсан хаант улсыг үе
залгамжлан дайн тулаан дундаас Их Билгэ хаан ор суужээ. Түрэгийн гурван ч хааны
зөвлөх байсан Мэргэн Тоньюкук зөвлөхтэй, баатар жанжин Культегин дүүтэй Их хаан
Билгэ хятадын цагаан хэрмээс Байгаль далай Хянганаас дундад Ази хүртэлх өргөн уудам
нутгийг эзлэн улсаа өргөжүүлж өөрийн нэр сүрийг дэлхий дахинд дуурсгаж байлаа.
Түрэгийн түүхийн энэ догшин ширүүн түүхийг бүтээж явсан ах дүү хоёрын тахилын
онгон гэрэлт хөшөө эдүүгээ Орхоны Хөшөө цайдамд /Архангай аймгийн Хашаат сум/
сүндэрлэн буй.

         

VI-VIII
зуун Түрэгийн хаант улс “Хааны алтан титэм”


2003
онд Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн, Туркийн археологчдийн хамтарсан
эрдэм шинжилгээний баг судлан шинжилж нээсэн Түрэгийн Билгэ хааны онгоноос олон
гайхалтай олдвор олсноос оргил нь “Хааны алтан титэм” юм. Хаан титэм 93х23 см
хэмжээтэй 80 гр жинтэй. Титэмний голд жигүүрээ дэлгэсэн бахим хошуутай хошуундаа
эрдэнийн чулуу зуусан галт шувуу бүхий шувууны өд, жигүүрийг уран сайхан
сийлсэн нь гайхалтай. Титэмийг эргэн тойрон ургамлыг дүрсэлсэн хээтэй, эрдэний
чулуун шигтгээ тогтоож байсан бололтой олон нуух хоногтой байна. Түмэн газрыг
эзлэн захирч агсан их хааны тэргүүнд гялалзан байсан энэхүү хааны алтан титэм
эдүгээ Монгол улсын түүх соёлын хосгүй үнэт дурсгалын бүртгэлд байдаг бөгөөд
Монголын үндэсний музейн цуглуулгад бий.


Сэргэн мандсан Түрэгийн хаант улс 60 гаруй жил оршин
тогтноод тэднээс хойш удалгүй мөхөж их түүхийн жимээр оджээ. Орхоны хөшөөны
бичээст “Эл улс бөлгөө би. Эл улс маань хаана байна. Хэн дор улсуудыг дагуулнам
билээ би. Хаантай улс билээ би. Хаан минь хаана буй? Ямар хаанд хүчээ өгнөм
билээ би. Тийн хэмээгээд нанхиад хаан дор дайсан болж хуучин нутагтаа хүчийг
тэжээсүгэй хэмээн нүүн эчвэй. хэмээн хайлан өгүүлсэн байдаг. Манай зарим
судлаачид түрэг хаант улсыг дан одоогийн Түрэг буюу Турк улсын өвөг дээдэс гэж
андуу бодох нь бий. Тэд бол эртний Монгол нутагт амьдарч асан монгол олон овог аймгийн
нэг бидний түүхийн тасархай билээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж