Уг киноны нээлт энэ сарын 25-нд буюу ирэх бямба гаригт “Тэнгис” кино театрын гадаа талбайд рок, попын оддын хамтарсан шоу тоглолт, ховор, чамин автомашин болон мотоциклийн парадаар эхлэх юм байна. Уг шоунд ирсэн үзэгчдийг гэнэтийн бэлэг хүлээж байгаа гэсэн шүү.
Ерөнхий найруулагч Б.Батбаатартай уулзаж, шинэ уран бүтээлийнх нь талаар цөөн хором ярилцлаа.
– Хэний зохиолоор бүтсэн кино вэ?
-Л.Энхбаатар гэж залуу бичсэн. Тэрээр өмнө нь UNICEF-ийн шагайн харвааны кино гээд олон уран бүтээл хийж, урлагийн салбарт олон жил багшаар ажиллаж байсан. Та бүний мэдэхээр Гавьяат жүжигчин Л.Лхасүрэн гуайн хүү байгаа.
– “Хориотой загвар” гээд нэрнээсээ л сонирхол татлаа?
-Нэрний хувьд маш их маргаан үүссэн л дээ. Дэлхийн хаана ч загварыг ерөөсөө хориглодоггүй юм байна. Энэ киноны хүмүүсийн анхаарлыг татаад байгаа зүйл нь хориглоод байгаад л байна. Гэхдээ энэ хориглолт хувцас талаасаа биш хүний оюун санаа, хүн талаасаа илүү тусгаж авбал зүгээр болов уу. Одоо цагт хүмүүст нэг нэгнийгээ халаасандаа багтааж амьдрахыг хүсдэг болж. Эсвэл хэн нэгний халаасанд багтаж амьдрах гэж зүтгэх болж. Энэ бүхнийг ёст талаас нь илэрхийлэхийг оролдсон.
– Дэлгэцийн шинэ бүтээл тань бусад киноноос юугаараа ялгаатай вэ?
– Өмнө нь загварын ертөнцийн талаар хийгдэж байсан уран бүтээл байгаагүй. Загварын ертанцийн талаар сонин, сэтгүүлд сөрөг талын мэдээллүүд их байдаг байсан бол бид дэлгэцийн бүтээлдээ загварын ертөнцийн тухай илүү үнэнийг, түүний эргэн тойрон дахь үйл явдлыг тусгахыг оролдсон. Бид зөвхөн загвар өмсөгчдийн тухай биш дизайнер, түүний багийн тухай илэрхийлж буйгаараа онцлог гэж бодож байна. Тиймээс манай уран бүтээлчид, жүжигчид өөрсдөө загвар өмсөгчид болж байгаа. Бид аль болох өнгөлөг, гэгээлэг талаас нь илэрхийлэхийг бодсон. Мэдээж уран бүтээл юм чинь хүмүүст егөөдөл талаасаа санаагаа илэрхийлэх гэж оролдсон.
– Гол дүрийн жүжигчдийн сонголтыг хэрхэн хийв. Яагаад заавал жүжигчин Б.Навчааг сонгох болов?
– Ерөнхийдөө кино маань адал явдалт, инээдмийн төрлөөр хийгдэж байгаа. Яагаад Навчаа эгч, Бямбацогт ахыг тоглуулсан бэ гэхээр киноны зохиолд эдгээр уран бүтээлчдийг л тоглуулах шаардлага байсан. Мөн Навчаа эгчийн гадаад байдал, жүжиглэх ур чадвар нь манай гол дүрд илүү их нийцэж байсан учраас хүмүүст тэр хүн л энэ дүрийг гаргаж хүргэнэ гэдэг үүднээс дүрийн сонголтыг хийсэн.
– Кино зураг авалтыг өнгөрсөн онд эхлүүлсэн гэж дуулсан. Яагаад ийм хожуу нээлтээ хийж байна вэ?
– Өнгөрсөн аравдугаар сараас кино зураг авалтууд эхэлсэн. Нэгэнт загварын ерөнцийн кино учраас загварын шоунуудаа илэрхийлэх ёстой байдаг. Гэтэл загварын гурван том шоу нь нэгдүгээр сард эхэлдэг. Загварын олон агентлагуудтай хамтран ажиллах санал тавьсан ч харамсалтай нь тэд маш их ажилтай учраас саналыг маань тэр болгон хүлээж авч чадсангүй. Тиймээс бид өөрсдөө том шоу зохион байгуулах хэрэгтэй болсон. Үүнд Монголын үсчдийн холбоо, “Paradox” салоны хамт олон чин сэтгэлээсээ туслан дэмжин оролцсон. Тэдэнд талархал илэрхийлье.