Эмэгтэйчүүд чуулж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүд чуулж байна

Төрийн ордны их танхимд “Эмэгтэйчүүд-Хүний хөгжил” сэдэвт үндэсний чуулган болж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж байгаа энэхүү үндэсний чуулга уулзалтад оролцогчид УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлээд байгаа Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг өрнүүлэх аж.

Тус үндэсний чуулганд УИХ-ын гишүүн Д.Арвин, Д.Оюунхорол болон Жендерийн үндэсний хорооны дэд дарга Б.Долгор нар оролцож байгаагийн зэрэгцээ 100 гаруй төлөөлөгч хүрэлцэн иржээ.

УИХ-аар Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн ч квотын асуудлаас болж мухардалд орж болзошгүй гэх болгоомжлолыг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хэллээ. Түүний хувьд уг хуулийг Сонгуулийн тухай хуультай уяж өгөх нь ач холбогдолтой гэж үзэж байна. Ингэж чадвал УИХ-д сонгогдох эмэгтэйчүүдийн тоо өснө. Үүнийг дагаад эмэгтэйчүүдэд тулгарч байгаа бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд бодлогын чанартай хуулиудыг батлан гаргах бололцоо бүрдэнэ гэж үзэж байна. Одоогийн парламентад сууж байгаа эмэгтэй гишүүдийн хувьд Хүүхдийн мөнгө, Нийгмийн халамжийн тухай хууль, Одонтой эхчүүдийн тухай хуулийн төсөлд онцгой анхаарал хандуулан, ажиллаж буй. Ингэж анхаарах шаардлага ч бас зүй ёсоор ургаж буй. Учир нь судалгаагаар Монгол Улсад 700 мянган өрх ядуу амьдарч байна гэсэн дүн гарчээ. Ажилгүйдэл, ядуурал их байгаагаас өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо жил ирэх тутам өсөх хандлагатай болж, шинэ давхарга бий болж буй тул энэ асуудалд илүү анхаарах ёстой болж байна” гэлээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж