Тэгвэл Ардчилсан намаас нэр дэвшигч, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сонгуулийн сурталчилгаа Сүхбаатар аймгаас эхлэх болсон бол МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ төрөлх Хэнтий аймгаас сурталчилгаагаа эхлүүлэхээр болжээ. Ардчилсан намын хувьд Сүхбаатар аймаг бол 2008 оны орон нутгийн сонгуулиас эхэлж ялалт дагуулсан ээлтэй газар. Мөн Сүхбаатар аймаг бол наран мандах зүг. Энэ бүхнийг бодолцож Сүхбаатар аймгаас сурталчилгаагаа эхлүүлэх болсон бололтой. Харин МАН-ынхны хувьд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймагт гурван удаа дараалан УИХ-д нэр дэвшиж сонгогдсон тул төрөлх нутгаас нь эхлүүлэх нь зөв хэмээн үзсэн биз.
МАХН-аас нэр дэвшин өрсөлдөх Эрүүл мэндийн сайд Н.Удвал маргааш СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардсаны дараа ЭМШУИС-т очиж, багш, оюутнуудтай уулзахаар төлөвлөжээ. Харин намынх нь хувьд ирэх пүрэв гаригт Их хуралдайгаа хуралдуулснаар Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлэхээр болжээ.