-УИХ-аас Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулах төсөв хөрөнгийг шийдэж өгсөн. Гэхдээ 2009 онд зарцуулж байсан төсөвтэй харьцуулахад хэт өндөр, зардал хэд дахин өссөн нь ямар шалтгаантай юм бэ гэж сонгогчид их асууж байгаа юм. Зардал өссөн шалтгаан юутай холбоотой юм бэ?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн төсвийг Сонгуулийн ерөнхий хорооноос оруулж ирсний дагуу тодотгол хийж баталж өгсөн. Нийтдээ 15.8 тэрбум төгрөгөөр тодотгол хийж баталж өгсөн. Ийм хэмжээний зардал баталсан нь шударга, зөв сонгууль зохион байгуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг нь тавьж өгсөн хэрэг. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуультай харьцуулахад 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал яагаад өссөн бэ гэхээр автоматжуулалттай холбоотой. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дөрвөн тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Автомат машинаар санал тооллогыг явуулах болсноор хүнээс хамааралгүй болгож өгсөн. Өөрөөр хэлбэл, тооллогын машины програмыг суулгахаас эхлүүлээд сонгогчийн хурууны хээ авдаг төхөөрөмж энэ бүгдийг найдвартай ажиллагаагаар хангах чиглэлээр мэргэжилтнүүд ажиллах ёстой. Тийм учраас сонгуулийн хэсэг бүр дээр зардал өссөн. Автомат машиныг алслагдсан багийн хэсгийн хороон дээр хүртэл тээвэрлэж аваачина. Тээврийн зардал мөн өмнөх сонгуулиас өссөн дүн харагдаж байгаа. Гэхдээ эцсийн үр дүн нь шударга сонгуулийг хийх ёстой. Хэрвээ ардчилсан сонгуулиа явуулж чадахгүй, өнөөдөр Өвөрхангай аймагт болсон шиг шүүхээр шийддэг, ард түмний оролцоогүйгээр намуудаар дамжуулж шийддэг болж эхлэх юм бол Монголд ардчиллын тогтолцоо бэхжихгүй. Тийм учраас ардчиллаа бэхжүүлье, зөв авч явъя гэвэл сонгуулиа шударга хийдэг болох ёстой. Ер нь бол автомат машины үр дүнд С.Ганбаатар, Х.Болорчулуун гишүүн бид гурав өнөөдөр УИХ-д сууж байна. Өнгөрсөн жилийн сонгуулиас өмнө яадаг байсан бэ гэхээр хүнээс маш их хамааралтай учраас шууд тогтоолоо засдаг байсан. Гаргая гэж зорьсон нэр дэвшигчийн саналын тоо 300, 400-гаар дутаад ирэнгүүт хамгийн эхнийх нь 1-ийн тоог 7 болгож засахад л шууд 600 санал нэмэгддэг. Одоо бол хурууны хээгээр сонгогч танигдах болохоор өмнөх сонгууль шиг Дорж, Дондог нэрээр хоёроос гурван удаа санал өгөх боломжгүй гээд луйврын зүйлүүд багассан. Тийм болохоор Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал яагаад огцом өсчих вэ гэж харахаас илүүтэй Сонгуулийн ерөнхий хороо шударга сонгууль зохион байгуулахын төлөө ажиллах ёстой гэдэгт сонгогч бүр анхаарах нь л чухал юм.
-Бие даагч гишүүд УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүний давхар алба хашихыг хязгаарлах зорилгоор ажиллана гэж дуулдсан. Энэ чиглэлээр төсөл санаачлах ч юм уу, ямар нэг алхам хийж эхэлсэн үү?
-УИХ-ын гишүүн давхар сайдын алба хашихыг болиулах чиглэлээр бид бусад улстөрийн намтай хамтарна. Үүнээс гадна бие даагч гишүүдийн зөвлөлөөс ямар байр суурь баримталж байгаа вэ гэхээр намын нэрийн ард УИХ-ын гишүүн болж Үндсэн хууль зөрчиж байгааг цэглэхийн төлөө ажиллана. Энэ хугацаанд шүү.
-Үндсэн хуулийн цэц зохих шийдвэрээ гаргачихаагүй биш билүү. Тэгээд ч өнгөрсөн жил УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор яваад, гишүүд нь сонгогдчихсон шүү дээ?
-Тэгсэн ч гэсэн бид ажиллана. Яагаад вэ гэвэл Үндсэн хуульд ард түмэн хэнээр УИХ-ын гишүүнийг суулгах вэ гэдгийг шийддэг заалттай. Тэрнээс биш намд эрхээ өгөөд Дорж, Балданг суулгаарай гэдэг заалт байхгүй. Тийм учраас Үндсэн хуулийн цэц мэлмий сохорчихсон юм шиг ингээд сууж байж болохгүй. Удахгүй бид Үндсэн хуулийн цэцэд энэ асуудлаар хандана. Тэгж байж ард түмэн төрийн эрх барина. Нам төрийн эрх барихыг 1990 онд татгалзчихсан шүү дээ. Ийм замаар 20 жил яваад ирснийхээ дараа ардчиллынхаа үнэ цэнийг гээж болохгүй. Ардчилал нэрийн дор явж ирсэн хүмүүс дэмжинэ хэмээн бодож байна. Ер нь бид ард түмнийхээ гарт төрийн эрхийг өгөх ёстой. Чөлөөт сонгуулиар дамжуулж өөрийнхөө төлөөллөөр төрөө барих ёстой, түүнээс биш намаар дамжуулж биш. Энэ асуудал дээр бие даагч гишүүд бид хатуу зогсоно, засахын төлөө явна.
-УИХ-аар өнгөрсөн долоо хоногт Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж эхэлсэн. Төсвийн хүрээний мэдэгдэл дээр бие даагч гишүүдийн зөвлөл ямар байр суурь баримталж байгаа вэ. Тухайлбал, цөөнхийн бүлгийн гишүүд “Төсвийн хүрээний мэдэгдэл чинь мөрөөдлийн жагсаалт шиг юм болчихож” хэмээн шүүмжилж байсан?
-Яг одоо УИХ-аар 2014-2016 оны төсвийн төсөөллийн тухай яригдаж байна. Энэ хугацаа бол түүхэн онцлогтой хугацаа. Уул уурхайг дагаад эдийн засаг тэлж байгаа, бизнес идвэхижиж байгаа үед төсөв өөрийнхөө зүгээс өгөх нийлүүлэлтийг бууруулж болохгүй. Өөрөөр хэлбэл, төсвийг хумьж болохгүй. Багасгаж болохгүй гэдэг байр суурийг бие даагчдын зөвлөл барьж байна. Жишээлбэл, өнөөдөр төсвийн байгууллагынхны цалин худалдан авалтын хэмжээгээр компанийн борлуулалт нэмэгдэж байгаа. Мөн төсвөөс хөрөнгө оруулалт хийж барилга барьж, тоног төхөөрөмж худалдан авснаар компанийн ашиг орлогыг нэмэгдүүлж байгаа учраас төсвөөс өгч байгаа бизнесийн борлуулалтыг бууруулахгүй байх ёстой юм. Энэ байр сууриа хатуу барьж хамгаална.