Д.Батмөнх: Мал тарга тэвээргэ авахаар махны үнэ бууна

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Д.Батмөнх: Мал тарга тэвээргэ авахаар махны үнэ бууна

“Хүчит шонхор” захынхан махны үнийг хөөрөгдлөө гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэслээр цацагдсан. Энэ бол ор үндэсгүй хэмээн “Хүчит шонхор” захын  дэд захирал Д.Батмөнх, тус захын Лабораторийн эрхлэгч Ж.Адъяабаатар нарын хүмүүс өнөөдөр  сэтгүүлчдэд хандлаа. “Махны үнэ эрэлт нийлүүлэлтээсээ  шалтгаалаад  өсч буудаг. Бид өргөн хэрэглээний барааны үнэ өслөө гээд татвар дээрээ нэг ч төгрөг нэмээгүй” гэдгийг Д.Батмөнх захирал онцолсон юм.  Мөн жилээс жилд махны үнэ өсч байгаа. Сүүлийн жилүүдэд манай улсыг зорих гадаадын иргэдийн тоо нэмэгдсэн.  Үүнийг дагаад махны эрэлт хэрэгцээ ч ихэсч байгааг хурал зохион байгуулагчид ярилаа. Энэ үеэр “Хүчит шонхор” захын  дэд захирал Д.Батмөнхөөс зарим зүйлийг тодрууллаа.

-Махны үнэ өссөн гол шалтгааныг та юу гэж үзэж байна?

-Энэ жил өвөлжилт хүнд болсон. Үүнтэй холбоотойгоор олон мал үхэж, амьд үлдсэн нь тарга тэвээргэ муу авсан. Үүнээс  болж л өссөн. Одоо мал тарга тэвээргэ авахаар  махны үнэ эргээд бууна. Угаасаа жил бүрийн өдийд махны үнэ өсдөг. Энэ зарчмаар л өссөн гэж ойлгодог.

-Өнөөдрийн байдлаар “Хүчит шонхор” зах дээр махны үнэ ямар байна?

-Үхрийн мах бөөндөө килограмм нь 4200-4300 төгрөгийн үнэтэй байгаа. Махны үнэ өдөр бүр хэлбэлздэг.  Зарим өдөр 400-500 буурах, өсөх тохиолдол бий. Өглөө зах нээгдэхэд хэр их мах ирнэ, төдий чинээ үнэ буудаг. Хэр ховор ирнэ төдий чинээ үнэ нь өсдөг юм.

-Танай захын махны ченжүүд хоорондоо хуйвалдаж махны үнэ өсгөсөн гэх цуу дэгдсэн?

-Тэндэнд хуйвалдах ямар ч боломж байхгүй. Энэ бол огт ташаа мэдээлэл гэж хэлье.

-Сарын өмнөхтэй харьцуулбал махны үнэ хэр тогтвортой байгаа вэ?

-Тогтвортой байгаа.  Мах тарган туранхайгаасаа шалтгаалаад үнийн хувьд харилцан адилгүй байна.

-Танай захад аль аймаас илүү мах нийлүүлж байна?

-Зүүн аймгуудад өвөлжилт гайгүй байсан. Тэр аймгуудаас мах илүү нийлүүлдэг.  Баруун аймгаас ирдэг л дээ. Гэхдээ үнэ нь өндөр, тарга тэвээргэ муутай байдаг. Бид махны чанар шаардлагад хатуу хяналт тавьж ажилладаг. Мөн энэ сарын 6-7-нд “Мах бэлтгэл нийлүүлэлт бидний хэрэглээ” өдөрлөг зохион байгуулахаар болсон. Энд махтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж