
-Махны үнэ өссөн гол шалтгааныг та юу гэж үзэж байна?
-Энэ жил өвөлжилт хүнд болсон. Үүнтэй холбоотойгоор олон мал үхэж, амьд үлдсэн нь тарга тэвээргэ муу авсан. Үүнээс болж л өссөн. Одоо мал тарга тэвээргэ авахаар махны үнэ эргээд бууна. Угаасаа жил бүрийн өдийд махны үнэ өсдөг. Энэ зарчмаар л өссөн гэж ойлгодог.
-Өнөөдрийн байдлаар “Хүчит шонхор” зах дээр махны үнэ ямар байна?
-Үхрийн мах бөөндөө килограмм нь 4200-4300 төгрөгийн үнэтэй байгаа. Махны үнэ өдөр бүр хэлбэлздэг. Зарим өдөр 400-500 буурах, өсөх тохиолдол бий. Өглөө зах нээгдэхэд хэр их мах ирнэ, төдий чинээ үнэ буудаг. Хэр ховор ирнэ төдий чинээ үнэ нь өсдөг юм.
-Танай захын махны ченжүүд хоорондоо хуйвалдаж махны үнэ өсгөсөн гэх цуу дэгдсэн?
-Тэндэнд хуйвалдах ямар ч боломж байхгүй. Энэ бол огт ташаа мэдээлэл гэж хэлье.
-Сарын өмнөхтэй харьцуулбал махны үнэ хэр тогтвортой байгаа вэ?
-Тогтвортой байгаа. Мах тарган туранхайгаасаа шалтгаалаад үнийн хувьд харилцан адилгүй байна.
-Танай захад аль аймаас илүү мах нийлүүлж байна?
-Зүүн аймгуудад өвөлжилт гайгүй байсан. Тэр аймгуудаас мах илүү нийлүүлдэг. Баруун аймгаас ирдэг л дээ. Гэхдээ үнэ нь өндөр, тарга тэвээргэ муутай байдаг. Бид махны чанар шаардлагад хатуу хяналт тавьж ажилладаг. Мөн энэ сарын 6-7-нд “Мах бэлтгэл нийлүүлэлт бидний хэрэглээ” өдөрлөг зохион байгуулахаар болсон. Энд махтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.
Б.Анхаа