Зээлийн батлан даалтын сан амьд уу?

Хуучирсан мэдээ: 2013.05.21-нд нийтлэгдсэн

Зээлийн батлан даалтын сан амьд уу?

Банкны бусад шаардлагыг хангасан ч барьцаа хөрөнгө дутмагаас болоод зээл авч чаддаггүй бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжид боломж олгох Зээлийн батлан даалтын сан өнгөрсөн сард сүр дуулиантайгаар нээлтээ хийсэн. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэж ярьдаг ч жижиг, дунд бизнес эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгө үгүйлэгдэж, үндсэндээ хувийн бизнес хийдэг хүн тэр хэвээрээ, цөөн ажилтантай үйлдвэр  мөн л тэр хэвэндээ байж, шат ахих, хөгжих боломж хязгаарлагддаг тухай учирлах хүн олон. Энэ асуудлаа шийдэж, бизнесээ өргөжүүлэхээр банкнаас зээл авах гэтэл барьцаа хөрөнгө гэгч том бэрхшээлтэй тулгардаг. Энэ нь тухайн банкны зүгээс зээлийн эрсдэл тооцох зайлшгүй хэлбэр мөн боловч иргэд, аж ахуйн нэгжийн хувьд энэ хүрээд л зээлийн асуудал гацдаг гэнэ.

Банкны салбар санхүүгийн зах зээлийн 90 хувийг бүрдүүлж буй энэ үед жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, банкны зээлийн бүтээгдэхүүнийг идэвхижүүлэх зорилгоор Зээлийн батлан даалтын сан гэгчийг байгуулсан. Энэ сан 2013 онд нийт 50 хүртэлх тэрбум төгрөгийн батлан даалт гаргах бөгөөд эхний ээлжинд Төрийн банк, Голомт, Капитал банктай хамтран ажиллаж буй юм.

Нэг ч зээлд батлан даалт гаргаагүй байна

Гэвч Зээлийн батлан даалтын сан байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш бүтэн сарын хугацаа өнгөрөхөд нэг ч зээлд батлан даалт гаргаагүй байна. Капитал банкаар дамжуулж зээлийн батлан даалт хүссэн хоёр ч материал ирүүлсэн ч боломжгүй гэж үзэж, батлан даалт хийгээгүй гэнэ. Энэ талаар тус сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанхуяг “Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэр асуудалгүй, гацсан зүйл байхгүй. Манай журамд заасан зарим шаардлага хангаагүй учраас хоёр материалыг буцаасан. Ерөнхийдөө банкны зээл гаргах шалгуур хангасан, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч гэдэг нь баттай иргэн, аж ахуйн нэгжид батлан даалт гаргана гэдгийг санах хэрэгтэй. Бидний хувьд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийг дэмжээч гэж хөрөнгө, мөнгө төсөвлөсөн. Тиймээс бид аль болох батлан даалт гаргаад байх л зорилготой” гэж байсан.

Батлан даалт гаргахаас татгалзсан хоёр хүсэлтийн тухайд зориулалтын бус, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг, эсвэл жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг гэгдээ нотлох баримт бутуу байсан гэнэ.

Тэгвэл ЖДҮ эрхэлдэг гэдгээ хэрхэн нотлох вэ?

Бодит байдал дээр батлан даалт шаардлагагүйгээр зээл авчихаж чадах компаниуд, эсвэл бизнес эрхлэгч нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч гэдгээр зээл авах гэж оролдвол зорилтот хэсгийнхний хүртээмж муудах нь тодорхой.  Тиймээс Зээлийн батлан даалтын сангийн зүгээс жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг гэдгээ нотлох гэрчилгээ шаардаж буй юм. Аж ахуйн нэгжийн хувьд үйл ажиллагаа явуулах эрх олгох улсын бүртгэлийн гэрчилгээн дээр ЖДҮ эрхлэгч гэсэн тамга дарж, баталгаажуулсан байх ёстой ажээ. Харин иргэдийн хувьд энэ тал дээр ойлголт багатай, мэдээлэлгүй байдаг нь гол асуудал болж байна. Тэдгээр иргэд, хувиараа бизнес эрхлэгчдийн хувьд оршин суудаг дүүргийнхээ Татварын хэлтсээс гэрчилгээ авсны үндсэнд жижиг, дунд үйлдвэрлэгч гэдгээ нотлох боломжтой юм байна.

Банкны зээлд батлан даалт гаргуулахын тулд хэрхэх ёстой вэ?

Зээл хүсэгч нь эхлээд арилжааны банкинд дээрх гэрчилгээ болон банкнаас шаардах бусад бичиг баримтыг бүрдүүлж өгнө. Ингээд банкны бусад шаардлагыг хангасан ч зээлийн барьцаа хөрөнгөгүй бол Зээлийн батлан даалтын санд хандах боломжтой юм. Ингэхдээ 60 хүртэлх хувийн буюу нэг зээлд гаргах батлан даалтын хэмжээ нь 250 сая төгрөгөөс ихгүй байна. Батлан даалт нь эргэлтийн хөрөнгийн, хөрөнгө оруулалтын, бичил зээлийн гэсэн гурван төрөлтэй. Хугацааны хувьд банкнаас олгох зээлийн хугацаатай ижил байх ба дараах шимтгэл, хураамж төлөх ёстой. Үүнд:

  • 1 жил хүртэл хугацаанд 1.0%
  • 1-2 жил 2.0 %
  • 2-оос дээш жил 3.0 хувиар батлан даалтын хэмжээнээс тооцон нэг удаа төлөх юм байна.

Ямартай ч эргэлтийн хөрөнгө, аливаа санхүүгийн эх үүсвэр хомс гэх шалтгаанаар үйл ажиллагаагаа тэлэх боломжгүй байгаа ЖДҮ-ийнхнийг дэмжих тогтолцоог хуулиар зохицуулж, Зээлийн батлан даалтын санг ажиллуулж эхэлсэн. Хэдийгээр нэг сар гаруй хугацаанд ганц ч батлан даалт хийгээгүй гэж буй ч бизнесээ өргөжүүлэх ийм боломж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй иргэд бас цөөн байгааг албаны хүмүүс хэлж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж