Анхны бүрэн ажиллагаатай хиймэл зүрхтэн

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Анхны бүрэн ажиллагаатай хиймэл зүрхтэн

АНУ-ын Аризона мужийн оршин суугч Чарльз Океке гэгч амьд байхын тулд зүрхний үйл ажиллагааг хянаж, хэвийн байлгах үүрэгтэй 200 орчим кг жинтэй хүнд машинтай холбоотой бүтэн хоёр жилийн хугацааг эмнэлгийн оронд өнгөрүүлжээ. Харин өдгөө тэрбээр “Freedom Driver” хэмээх нуруундаа үүрээд явах боломжтой төхөөрөмжийн тусламжтайгаар бүрэн хиймэл зүрхтэйгээ эмнэлгийн орноос хөндийрч, энгийн амьдралаар амьдрах боломжтой болсон байна. Өөрөөр хэлбэл, тэр бионик хүн юм.

Окекег өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэвтрийн байдалд ч боловч амьд сэрүүн байлгасан “Total Artificial Heart” төхөөрөмжийг зохион бүтээсэн “SynCardia” компани жижигрүүлэн, сайжруулсан технологи бүхий “Freedom Driver”-ийг бүтээжээ. Нуруундаа үүрэх зориулалттай энэхүү төхөөрөмж нь ердөө зургаан кг жинтэй, сургуулийн бага насны хүүхдийн хичээлийн цүнхнээс ч хөнгөн жинтэй юм.

Океке бүрэн хиймэл зүрхтэй анхны хүн биш боловч “Freedom Driver”-ийн ачаар хиймэл зүрхтэй хэрнээ эмнэлгийн орноос хөндийрч, цаашлаад эмнэлгээс гарсан анхны азтан ажээ. Энэхүү “үүрдэг” хиймэл зүрхний гол давуу тал нь өвчтөн донороо хүлээж байх хугацаанд тэднийг амьд сэрүүн байлгаж буй явдал юм. Харин тохирох донор хэдийд олдох нь үргэлж тодорхойгүй байдаг.

Эмч, мэргэжилтнүүдийн хэлснээр хэрэв Чарьлз Окекед тохирох зүрх олдохгүйд хүрвэл тэр цаашид ч “Freedom Driver”-тайгаа амьдарч болох гэнэ. Харин үнийн тухайд уг аппарат нь 125 мянган ам.доллар бөгөөд нэг жилийн хугацаатай сунгуулахад 18 мянган ам.доллар төлөх ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж