Нийслэлийн Баянзүрх дүүрэг нь хүн ам ихтэй дүүрэг бөгөөд нийт хүн амын 50 хувийг 0-16 насны хүүхдүүд эзэлдэг гэсэн үзүүлэлт бий. Иймээс Нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн Баянзүрх салбарын хамт олон ажлын ачаалал ихтэй 3 ээлжээр 24 цаг ажилладаг байна. Хүүхдийн дуудлага нь ажлын өдрүүдэд 60-85 удаа байдаг бол харин Бямба, Ням гаригт 120-150 болж эрс нэмэгддэг юм. Мөн дуудлагын зэрэгцээ эмнэлгийн тусламж, эмчилгээ, зөвлөгөө авагсдын тоо байнга нэмэгдсээр байна.
Энэ хүндрэлтэй байдалд нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч М-Си-Эс Кока Кола компанийн хамт олон анхаарлаа хандуулж Нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн Баянзүрх салбарын үзлэгийн өрөөний стандартад шаардагдах тоног төхөөрөмжийг худалдан авахад зориулж мөнгөн тусламж болон компьютер техник хэрэгсэл хандивлав.
М-Си-Эс Кока-Кола ХХК нь хүүхэд багачуудын сайн сайхны төлөө байнга идэвх санаачлагатай ажилладаг бөгөөд Хүүхдийн баярыг угтан олон сонирхолтой ажил зохион байгуулахаар төлөвлөж байна.