![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2010/11/f8f166c75a8b816a/c35070e3097bbf83big.jpg)
Тухайлбал, бие даагчид Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар болж төсөл санаачилсан. Одоо мөрдөгдөж байгаа Компанийн тухай хуулиар бага хувьцаа эзэмшигч нь их хувьцаа эзэмшигчийнхээ эрхийг ноцтой зөрчдөг болсон асуудлыг Үндсэн хуулийн цэц хэлэлцээд “Компанийн хяналтын багцийг эзэмшигчдийн эрх ашгийг зөрчиж байгаа хуулийн зохицуулалтыг яаралтай өөрчлөх ёстой” гэж үзсэн тул дээрх төслийг санаачилсан байна. Тиймээс хуулийн төслөө батлуулах чиглэлээр байр сууриа хамгаалан тууштай зогсоно гэдгээ УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэллээ.
Хоёр дахь хэлэлцсэн асуудал нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуультай холбогджээ. Иргэдийн Эрүүл мэндийн даатгалд төлсөн шимтгэл жилдээ 166 тэрбум төгрөгт хүрдэг ч төлсөн шимтгэлийнхээ хэмжээгээр үйлчилгээ бүрэн авч чаддаггүй гэж гишүүд үзжээ. Бие даагч гишүүдийн хувьд энэхүү тогтолцоог өөрчилж, Эрүүл мэндийн даатгал төлсөн иргэн үр шимээ хүртдэг байх, Эрүүл мэндийн байгууллагууд илүү хариуцлагатай, хяналттай үр дүн гаргаж ажилладаг тогтолцоог бий болгох зорилгоор мөн л эл хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж буй аж.
Харин өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг нь болж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэгдэхээр Байнгын хороонд шилжсэн Үнэт цаасны зах зээлийн тухай шинэчилсэн найруулгын хуулийн төсөл, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх шатанд үнэт цаас худалдаж авах, худалдаж байгаа ажиллагаан дээр ард иргэдийн төлөөллийг хэрхэн оролцуулах вэ, бие даасан шинжээчдийн дүгнэлтийг үндэслэж, шийдвэр гаргаж байгаа юу гэдэг дээр бие даагчдын төлөөлөл байр сууриа хүчтэй илэрхийлж ажиллахаар шийдэлд хүрчээ.