Хаалтын ёслолд наадмыг ЗБХ-ны дарга, УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн, ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал, наадмын ЗБХ-ны дэд дарга, БШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг, ОУОСХ-ны Ерөнхий санхүүч, МОСХ-ны Ерөнхийлөгч Д.Баясгалан, ГХЯ-ны Хөрш орнуудын газрын зөвлөх О.Энхтөр, Спортын бэлтгэлийн төвийн захирал Б.Наранбаатар, МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан, ЗБХ-ны гишүүд, их, дээд сургуулийн ректор, захирал, багш, спортын холбоодын удирдлагууд болон бусад албаны хүмүүс уригдан оролцлоо.
ЗБХ-ны дарга, УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл хаалтын ажиллагааны үеэр “Их наадам өмнөө тавьсан зорилгоо биелүүлж, оюутан залуучуудыг нийтийн биеийн тамир, спортоор хичээллүүлэх, эрүүл чийрэг бие бялдар, өв тэгш хүмүүжилтэй байлгах, тэдний чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх, 2013 оны Казаний “Универсиад” наадамд оролцох Монголын баг тамирчдыг сонгон шалгаруулах зэрэг зорилтоо амжилттай ханган биелүүлсэн гэж Зохион байгуулах хороо үзэж байна” хэмээн онцлов.
“Универсиад” наадмыг 2012-2013 оны хичээлийн жилд Монгол Улсын их, дээд сургуулиудад гурван үе шаттайгаар амжилттай явуулж, наадмын бүх шатны тэмцээнүүдэд 100 орчим их, дээд сургуулийн 30 гаруй мянган оюутан залуус оролцсон байна. Наадмын шигшээ тэмцээнүүд цана, тэшүүр, шатар, волейбол, сагсан бөмбөг, жудо, гандбол, бокс, заалны хөл бөмбөг, ширээний теннис, чөлөөт бөх, аэробик, модон бөмбөг, спорт аялал, хөнгөн атлетик гэсэн спортын 15 төрлөөр болж, 2013 оны нэгдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжиллээ. Спортын их наадамд энэ хугацаанд нийслэл, хөдөө орон нутгийн 62 их, дээд сургууль, коллежиудаас шалгарсан 2276 оюутан тамирчин өрсөлдөж, 176 дасгалжуулагч, багш тэмцээнийг удирдан, 263 шүүгч оролцжээ.
Наадмын нэгдсэн дүнгээр,
1. Г.Лхагвасүрэн захиралтай Үндэсний биеийн тамирын дээд сургууль 44,5 оноогоор тэргүүн байрт,
2. Н.Батбаяр захиралтай Шинжлэх ухаан технологийн их сургууль 54 оноогоор хоёрдугаар байрт,
3. Б.Жадамбаа захиралтай Монгол улсын Боловсролын их сургууль 66 оноогоор гуравдугаар байрт,
4. Хошууч генерал Я.Чойжамц захиралтай Батлан хамгаалахын их сургууль 72,5 оноогоор дөрөвдүгээр байрт,
5. Гавьяат тамирчин Д.Намжилмаа захиралтай “Мон-Алтиус” Биеийн тамирын дээд сургууль 98,5 оноогоор тавдугаар байрт,
6. Т. Хэрүүга захиралтай Хөдөө аж ахуйн их сургууль 172,5 оноогоор зургадугаар байрт тус тус шалгарч, цом, медаль, өргөмжлөл мөнгөн шагнал /4-15 сая төгрөгийн/ гардлаа.
ОУОСХ-ны ерөнхий санхүүч, МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан наадмыг хааж хэлсэн үгэндээ “Дэлхийн оюутан залуучуудын их наадам, найрамдал нөхөрлөлийн бэлэг тэмдэг болсон “Универсиад” наадам 2013 оны долдугаар сард ОХУ-ын Казань хотноо болно. Бид Монголын оюутны спортын “Универсиад” III их наадмаас шалгарсан шилдэг оюутан тамирчдаа энэхүү наадамд оролцуулахаар эртнээс бэлтгэл ажлаа хангаж, Казаний дэвжээнээс 6-7 медаль хүртэх, түүний дотор “Универсиад”-ын алтан медалийг эх орондоо авчрах зорилт тавьж байгаа” гэдгийг тодотгон хэлсэн юм.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО