Монголын кино урлагт сүүлийн үед олон ангит бүтээлүүд шил даран мэндэлж байгаа билээ. Тэгвэл энэ удаа “N Entertainment”-ийн бүтээсэн “Усны гудамж” телевизийн олон ангит киног өнөөдрөөс эхлэн өдөр бүр 21.00 цагаас “MN-25” телевизээр, 22.00 цагт “Royal HD” телевизээр, 23.00 цагаас “SBN” телевизээр үзэх боломжтой болж байна.
Германы олон ангит киноноос сэдэвлэсэн уг бүтээлдээ тэд таван гэр бүлийн амьдралын харуулах гэнэ. Уг киноны зохиолыг кино зохиолч Д.Төрмөнх бичиж, “Сэмүүн” студийн захирал Б.Баяр найруулан, ерөнхий найруулагчаар Н.Элдэв-Очир ажиллажээ. “Усны гудамж” олон ангит бүтээлд Монгол орны улс төрийн амьдрал, түүхэн хүмүүсийн намтрыг судалж, монгол ахуйгаа түлхүү харуулахын зэрэгцээ өнөөгийн нийгэмд болж буй олон асуудлыг тусгахыг зорьсон байна. Киноны гол дүрд Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, жүжигчин Д.Бямбацогт нарын уран бүтээлчид тогложээ.
Эхний удаад 30 ангитай уг бүтээлийг дэлгэцнээ гаргахаар төлөвлөж байгаа ч цаашид Европын сериал шиг цуврал хийх зорилготой байгаагаа кино багийнхан онцлов.
Г.ДАША