Дархан-Уул аймагт төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын 29 сургуульд, 23 мянга гаруй хүүхэд суралцаж байгаа бол, төрийн өмчийн 17, хувийн хэвшлийн дөрвөн цэцэрлэгт 5500 хүүхэд хүмүүжиж тэдгээрт 1200-гаад багш сургалт явуулж байна. Арван их дээд сургууль, коллежид 10 мянган оюутан суралцдаг. Аймгийн Боловсрол, соёлын газрын дарга Ч.Эрдэнэбилэгтэй уулзаж ойрын үед хийгдэх ямар гол ажил байгааг сонирхлоо.
-Сургууль төгсөх цаг боллоо. Аймгийн Боловсрол, соёлын газраас юунд анхаарч ажиллаж байна вэ?
-Анги дэвших, төгсөлтийн шалгалт эрдмийн баяр, элсэлтийн ерөнхий шалгалт, багш нарын дүн гаргалт гээд зөндөө ажил бий. Иймээс эцэг эхчүүддээ хэлэхэд эрдмийн баярын үеэр багш нар мөнгө татсан, хураасан, анги хамт олноороо зугаалах гээд олон зүйлд анхаарал тавиач. 11 дүгээр анги төгсөх гэж байгаа хүүхдийн эцэг эхчүүд хүүхдийнхээ араас нэг өдөр ч гэсэн эрдмийн баяраар нь салахгүй хяналт тавьж хэрэгтэй байна. Хүүхдүүд гэнэн томоогүй, амьралд хөл тавих, мэргэжлээ сонгох гэж байгаа учраас далдуур юу хийж явааг тэр бүр мэдэхгүй. Бид төгсөлтийн үеэр бүх талын арга хэмжээг авч ажиллана. Энэ сарын 31-нд болох эрдмийн баярын өдөр архи согтууруулах ундаа зарахыг зогсооно. Мөн сургуулиудын хаврын урсгал засварын ажил эхэлж байгаа. Тиймээс анги засах мөнгө яамнаас шийдэгдэж ирдэггүй болохоор үүнд эцэг эхчүүдийн дэмжлэг хэрэгтэй. Дэмжлэг авахдаа нэг хүүхдэд оногдох хэмжээг нь тогтоож өгнө. Үүнд оролцохыг хүсээгүй эцэг эхчүүдийг албадахгүй. Хүүхдийнхээ сургалтын орчин нөхцлийг сайжруулахад тэд оролцох ёстой гэсэн байр суурьтай байгаа.
-Сургууль завсардалтгүй болсон ч цэцэрлэг хүрэлцээгүйгээс гэртээ байдаг хүүхдүүд олон байгаа. Нэмж цэцэрлэг байгуулж байгаа гэсэн намар болоход хэчнээн хүүхэд цэцэрлэгт нэмж орох бололцоотой болох вэ?
– Аймгийн хэмжээнд 5500 хүүхэд цэцэрлэгт хамрагдах ёстой. Үүнээс 3800 гаруй хүүхэд цэцэрлэгт хамруулахын тулд бид одоо ажиллаж байгаа цэцэрлэгүүдийнхээ ачааллыг нягтруулж намар гэхэд нэмж хүүхэд авна, мөн шинээр цэцэрлэгийн байр бий болгох зэрэг ажлыг хийж эхлээд байна. Цэцэрлэгийн зориулалтаар баригдсан ч Хүүхэд гэр бүлийн хэлтсийн байрлаж байсан байрыг суллаж ирэх есдүгээр сарын нэгэн гэхэд 280 хүүхэд хүлээж авахаар засварыг нь эхлүүлсэн. Мөн "Энэрэл цогцолбор”-ын зүүн жигүүрт дөрвөн ангийг тохижуулж Дархан сумын 23 дугаар цэцэрлэгийн салбар болгон нээж 100 хүүхдийг авч хүмүүжүүлнэ. Түүнчлэн хувийн цэцэрлэг байгуулах хүсэлт ирж байгааг дэмжинэ, мөн гэр цэцэрлэг бий болгох замаар үлдсэн хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулах ажлыг дэс дараатай хийж байгаа.
-Дархан хотын анханы суурь тавьсан тэр жилээс л сургууль, цэцэрлэг нэгэн зэрэг байгуулагдсан гэдэг. Шинэ хотын боловсролын салбар ямар зам туулж өнөөг хүрч ирсэн бэ?
-Манай аймгийн боловсролын байгууллага нь 1961 оноос хойш 52 жилийн түүхтэй. Энэ түүхийг гурван бүлэгт хувааж үзэх нь зүйтэй гэж боддог. Энэ нь 1961-1990 он хүртэл хуучнаар социалист үеийн сургалтын систем, 1990-2000 он хүртэл шилжилтийн үе гэж үздэг. 2000-2013 он хүртэл сургалтын шинэ үеийн хөгжлийн эхний шат явагдаж байна гэж үздэг. Тэхээр социализмын үеийн сургалт Оросын үндсэн сургалтын арга барилыг хэрэгжүүлсэн сургалт байж энэ сургалтаар Монгол Улс 70 жил явсан. Ялангуяа энэ шилжилт Монголын боловсролд их хүнд үе байсан. Энэ нь юм бүхэн өөрчлөгдөж байгаатай холбоотой, хүн бүр сурахгүйгээр худалдаа наймаа хийгээд эсвэл хэдэн малаа маллавал болох юм байна гэсэн ойлголт нийгмийн сэтгэл зүйд нөлөөлчихсөн үе байсан. Тэр үед л сургуульд сурдаг хүүхдийн тоо буурч сургууль завсардалт ихсэж багш нарын цалин хөлс хүрэлцэхээ байж сургуулиудад ажил хаялт гарах зэргээр илэрч байлаа. Тэгэвч ард түмэн маань ухаантай учраас наймаа хийгээд хэдэн төгрөг олдог юм аа гэхэд оюун ухаан боловсролгүй толгой байлаа гээд тэр доор нь бүх юмаа буцаагаад алдчих юм байна. Боловсрол гэдэг мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй юм байна гэдгийг мэдэрсэн. Тэгээд л эргээд боловсрол руугаа анхаарал тавьж миний дээр хэлсэн 2000 оноос өнөөг хүртэлх хөгжил, үүнийг оюуны болон капитал хөрөнгө оруулалтыг төрөөс ч анхаарлаа, нийгэм ч хөгжлөө, ард түмэн ч чармайж эхэлсэн гэж боддог. Надад магтаж хэлэх нэг зүйл байдаг тэр юу гэвэл 1990-2000 он хүртэлх энэ хүнд хэцүү үед ажиллаж байсан одоогийн тэтгэврийн ахмад захирал, удирдлагууд боловсролоо үнэхээр сайхан авч үлдсэн гэж ойлгодог. Тэр үеийн чадалтай сайн багш нар тухайн үед их ач холбогдол өгсөн. Тиймээс ч өнөөдөр Дархан-Уул аймгийн боловсрол бусад аймгуудыг бодвол нэлээд өндөр төвшинд явж байгаа гэж үздэг.
-Аймгийн сургууль цэцэрлдэгийн материаллаг бааз хэр зэрэг бэхэжсэн үзэж байна вэ?
-Сүүлийн үед манай Засгийн газар боловсролд хөрөнгө оруулалтыг их хийдэг болсон. Үндсэн орлогын 20 хувийг боловсролд оруулна гэдэг нь дэлхийд маш өндөр үзүүлэлт. Нийгэм маань ч хөгжиж иргэдийн ухамсар, ой ухаан ч тэлж мэдээллийн технологи их нэвтрэх болсон зэргээс үүдэж мэдээллийн технологийн баазуудыг бий болгож үүнийг дагаад сургуулиудад БСШУЯ-наас хөрөнгө оруулалтуудыг их хийдэг боллоо. Сүүлийн үед манай аймгийн ихэнх сургуулиуд интернетэд холбогдож компьютрууд сүүлийн үеийнхээр солигдлоо. Нэг хүүхдэд оногдох компьютрийн тоо багасч байна. Мөн сургалтын орчныг сайжруулах чиглэлээр кабинет, сургалтын хэрэглэгдэхүүнийг нэмэх, шинэчлэх чиглэлээр их ажил хийгдсэн.
-Боловсролд шинэ, дэвшилт технологи нэвтрүүлж сургалтын материаллаг бааз бэхжиж дэлхийн шалгарсан шинэ аргуудыг нэвтрүүлж эхэллээ. Үүнд багш нар маань өөрсдөө бэлэн үү, багшийн хөгжлийн талаар юу хийж байгаа вэ?
-Миний бие гучаад жил боловсролын салбарт тасралтгүй ажиллахдаа хориод жил нь багшилж сүүлийн арав гаруй жил салбартаа удирдах ажил хийсэн багш хүн болохоор энэ талаар өөрийн бодолтой явдаг. Боловсролын хөгжил бол багшийн хөгжил байдаг. Багшийн хөгжил байнаа гэдэг чинь боловсрол хөгжиж байна гэсэн үг. Тэгэхээр багш нарын мэргэжил дээшлүүлэх тухай асуудал нь ерөнхий боловсролын сургуулийн гол зорилтын нэг. Сүүлийн хэдэн жилд багш нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтад төрөл бүрээр хамруулж байна. Үүнд миний баримталдаг зарчим бол багш хүн өөрийгөө л хөгжүүлэх ёстой. Энэ нь нийгэм хамтдаа хөгжиж боловсролын ситстем нь өөрөө байнга тогтвортой хөгжиж үүнийгээ дагаж багш бас хөгжих хэрэгтэй байдаг. Би ажил аваад удаагүй байна. Өмнө нь ажиллаж байсан дарга маань "Хөгжлийн төлөө тамтдаа”, "Мянган багшийн сургалтын хөтөлбөр”-ийг боловсруулж ажлыг нь эхлүүлсэнийг би судлаж үзсэн. Тийм ч их гайхамшигтай хөтөлбөр биш байна лээ. Үүнийг тухайн үед Отгонбаяр сайд, боловсролын яам дэмжсэн байдаг. Өнөөдөр багшийг мянгаар нь компанит маягаар сургана гэдэг асуудал огт байхгүй. Нэг багш, арван багш гэдэг л байж болох. Одоо арван хүүхдийг сургахад хэчнээн их хөдөлмөр шаардагдах вэ, түүнтэй адилхан арван багшийн мэргэжлийг дээшлүүлнэ гэдэг ч амаргүй. Гэтэл мянган багшийг сургана гэдэг дэлхийд байхгүй ийм хөтөлбөр одоо ч яваад л байна. Манайхан багшийг хөгжүүлэх янз бүрийн бүтэц тогтолцоог гаргаж их үзсэн. Өмнө багш нараа төвийн бүсд хамруулж сургах гэж үзлээ, Улаанбаатарт авч ирж их, дээд сургуульд хамруулж сургаж үзсэн бас хэд хэдэн аймгуудыг хамруулж сургаж үзлээ. Сүүлд бүүр орон нутгийн төвшинд багш нарыг их дээд сургуулиас багш нарыг урьж авч ирээд сургаж үзсэн ч үр дүнд хүрээгүй. Ер нь багшийг, боловсролыг хөгжүүлэх тухай асуудал эцсийн эцэст багш хүн өөрөө өөрийгөө л хөгжүүлэх нь үндэслэлтэй зүйл. Багш хүн боловсролд сэтгэлтэй, хүүхдэд хайртай байж л боловсрол хөгжинэ.
-Багш бэлтгэдэг дээд сургуулиуд суралцагчиддаа хүүхдэд хайртай, хүүхдийг сургахын зэрэгцээ хүмүүжүүлэх арга ухаанд сургах ёстой гэдэг. Энэ талаар сургуулиуд оюутнуудаа хэр зэрэг бэлтгэж байгаа вэ?
-Багш бэлтгэхдээ багш болох хүсэл сонирхолтой хүүхдийг авч сургах нь тухайн сургуулиудын туйлын зорилго байх ёстой л доо. Эрт үеэс ийм зарчмаар явж ирсэн. Багш хүн өөрөө тэр чадварлаг, авъяастай хүүхдийг илрүүлж бэлтгэж төгсөж ирэнгүүт нь багш болгож авахад алдаатай юм их байсан ч нийгмээс шалтгаалах нь их байсан. Жишээ нь багшийн цалин бага, багшлах сонирхолтой хүүхдүүд буурсан зэргээс үүдэж багш бэлтгэдэг сургуулдиуд элсэж олноороо элсэж орохгүй байсан хандлага ч байсан л даа. Чадварлаг сайн багш бэлтгэе гэвэл Монгол Улсын Боловсролын их сургууль өөрөө тэтгэлэгт өгдөг болж оюутныг элсүүлж авдаг байх хэрэгтэй. Төгсөж ирэнгүүт нь ажлын байраар хангах ёстой. Эдгээрийг шийдэж чадвал жинхэнэ сайн багшийг бэлтгэх нөхцөл бүрдэнэ.
-Манай сургалтын уламжлал шавь төвтэй байснаа танхимын сургалтад шилжсэн, харин одоо эргээд шавь төвтэй сургалт руу шилжих маягтай байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Монголчууд маань бүүр 13 дугаар зуунаас л боловсролоороо дэлхийд гайхуулж байсан түүхтэй ард түмэн. Мэдээж боловсоролгүй хүмүүс дэлхийн талыг эзлэхгүй шүү дээ. Энэ маань Манжийн 200 гаруй жилийн дарлал, дараа нь Оросын школ гэж ярьдаг 70 жил үндсэндээ соёл хэл бичиг зэрэг уламжлалт боловсролын аргаас хөндийрсэн. Харин 1990 оноос хойш эргэн сэргэж Монгол хүний жинхэнэ оюун ухаанд тохирсон, Монголоороо сэтгэдэг, Монгол хүнээ сургах арга ухаан руу орж эхэлсэн. Арга ч үгүй Орос хүнийг сургадаг арга ухаан Монгол хүнд тохирохгүй. Япон, Солонгос хүнийг сургадаг арга ухаан ч таарахгүй. Монгол хүнийг Монгол хүн л Монгол ухаанаар л сургана. Иймээс орчин үеийн боловсролын сургах гол арга зүй бол Монгол уламжлалт сургалтаараа сайхан Монгол хүнийг бий болгох хэрэгтэй. Мөн өргөн мэдлэг боловсролтой, Монгол ухаантай иргэнийг л бий болгох ёстой. Тэхдээ бид гаднаас зөвхөн дэвшилт, аргаас нь авч хэрэглэхэд илүүдэхгүй
-Боловсролын байгууллага хойч үеэ бэлтгэхэд ерөнхий боловсролын сургуулиас гадна эцэг эхчүүд ямар үүрэгтэй оролцох ёстой вэ?
-Орчин үед боловсролын тавьж байгаа зорилго нь иргэндээ насан туршийн боловсрол олгоход чиглэгдэж байна. Ямар ч хүн сурч болно. Үүн дээр нэмэгдэж мэдээллийн технологи нь боловсролд ихээхэн үр дүнгээ өгч байна. Энэ нь нас хүйс, цаг хугацаа, орон зайг үл харгалзаж боловсролоо дээшлүүлэх боломж юм. Бидний үед эцэг эхчүүд хүүхэддээ үнэхээр их анхаарал тавьж ирсэн. Наад зах нь ном их уншуулдаг, хүүхдэд таарсан биеийн хөдөлмөр хийлгэж хажуугаар нь сургаж хүмүүжүүлдэг байсан. Одоогийн эцэг эхчүүд өөрсдөө сурган хүмүүжүүлэх ухааны анхан шатны наад захын мэдэгдэхүүнгүй шахам байна. Хүүхэд эхээс төрөөд л 18 нас хүртлээ эцэг эх дээрээ байж бие дааж сурах ёстой. Гэтэл одоогийн эцэг эхчүүд үүнийг ойлгодоггүй. Боловсролтой болгохын тулд хүүхдээ сургууль руу чиглүүлээд л явуулчихдаг. Үүнийгээ болж байна гэж боддог. Гэтэл яг үүн дээр жишээ авч 18 нас хүрсэн хүүхдийг судлахад сургууль дээрээ 30 хувь, үлдсэн 70 хувийг нь гэртээ өнгөрөөсөн байдаг. Иймд ихэнх хүмүүжил, төлөвшлийн тухай асуудал гэрт нь явагддаг. Иймээс эцэг эхчүүд хүүхэддээ зүйр цэцэн үг хэлж утгыг ойлгуулах хэрэгтэй. Зүйр цэцэн үг гэдэг чинь үндсэн хуультай бараг адилхан. "Хүн ахтай дээл захтай” гээд хэлэхэд л хүүхдүүд ахмад хүнийг хүндэлж явахгүй бол болохгүй юм байна гэж ойлгох жишээтэй. Гэтэл одоогийн эцэг эхчүүд хүүхдээ "Чи ахмад хүнийг хүндэлсэнгүй” гээд загнах жишээтэй. Үүнд хүмүүжлийн ямар ч ач холбогдол үр нөлөө байдаггүй. Иймд сурган хүмүүжүүлэх Монгол ухаанаас өөрсдөө суралцаж дагалдуулж юм хийлгэх сурах хийх юм их бий. Орчин үеийн сургалтад нэг том алдаа байдаг нь сургууль багш нар ч, эцэг эхчүүд ч ялгаагүй хүүхдийг захиран тушааж сургах гэдэг. Энэ нь үндсэндээ буруу арга гэдгийг сурган хүмүүжүүлэх ухаан аль эрт батлаж нотлоод гаргачихсан.
-Боловсрол тэргүүлэх чиглэл гэдэг байснаа одоо уул уурхайг тэргүүлэх чиглэл гэдэг боллоо. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?
-Боловсрол төрийн бодлогод тэргүүлэх чиглэл байсан, одоо ч байгаа, цаашид ч байх ёстой. Энэ салбарт төрийн бодлого байхгүй юм бол улс орны хөгжлийн тухай яриад яах юм бэ. Үүнтэй уялдуулж хэлэхэд цаашид анхаарах бас нэг чухал зүйл нь даяарчлагдаж байгаа өнөөгийн нөхцөлд асар хурдтай хөгжиж байгаа дэлхий нийтийн оюуны, мэдээллийн, мэдлэгийн, техник технологийн хөгжлөөс хол хоцрохгүйн тулд боловсролын сургалтын арга зүйг байнга шинэчилж баяжуулж байх ёстой, эс тэгвээс бид хол хоцорно. Иймд энэ бүхнийг бий болгох багш нараа бэлтгэх, багш нар маань ч өөрсдөө хичээж өөрөө өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Ингэж л боловсрол төрийн бодлогоор ямар ч үед тэргүүлэх чиглэл хэвээр байх ёстой гэв.
Эх сурвалж: www.darkhanith.mn