Чөлөөт бөхийн дүрмийг өөрчиллөө

Хуучирсан мэдээ: 2013.05.20-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөхийн дүрмийг өөрчиллөө

ОХУ-ын Москва хотноо амралтын өдрүүдэд болсон олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /FILA/-ны хурлаар чөлөөт бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт оруулжээ. Чөлөөт бөхийн барилдааныг илүү үзүүштэй, сонирхолтой, сонирхогчдод ойлгомжтой болгох үүднээс барилдааны хугацааг өөрчилж, урьд мөрдөж байсан гурван минутаар хоёр үе барилддаг тогтолцоо руу шилжүүлжээ. Мөн барилдааны оноо цуглуулах журмыг өөрчилж, хоёр үеийн барилдаанд илүү оноо авсан бөхийг ялагчаар тодруулахаар болсон байна. Дэвжээнээс түрж гаргахад оноо өгдгийг болиулж, барилдааны ялагчийг дэвжээн дээр шийдвэрлэдэг байх зэрэг өөрчлөлтүүдийг уг хурлаар хэлэлцжээ.

Өнгөрсөн бямба гаригт /тавдугаар сарын 18/ ОХУ-ын Москва хотноо Олон улсын улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны ээлжит бус их хуралд 110 орны төлөөлөгч оролцжээ. Хурлын үеэр FILA-гийн ерөнхийлөгчийн сонгууль болж, одоогийн үүрэг гүйцэтгэгч, Серб улсын иргэн Ненад Лалович сонгогджээ. 132 төлөөлөгчийн 125 нь түүнийг дэмжиж, долоо нь татгалзсан байна.

Хуралд Монгол Улсыг төлөөлж МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж, холбооны ерөнхий менежер Д.Батням нар оролцсон юм. МЧБХ-ны зүгээс 2014 оны залуучуудын Азийн АШТ, 2015 оны залуучуудын ДАШТийг Улаанбаатар хотноо зохион явуулах санал дэвшүүлсэн билээ.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж