Р.Бурмаагийн санаачилсан төсөл дэмжлэг хүлээсэнгүй

Хуучирсан мэдээ: 2013.05.20-нд нийтлэгдсэн

Р.Бурмаагийн санаачилсан төсөл дэмжлэг хүлээсэнгүй

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын санаачлан боловсруулсан УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд, “Энэ удаад дэмжих боломжгүй, хойшлуулах шаардлагатай” хэмээн үзжээ. Хуулийн төсөлд УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүний тангараг өргөж чадаагүй бол дараачийн хуралдаанд яаж тангараг өргөх, нөхөн сонгуульд нэр дэвшиж, УИХ-ын гишүүний үнэмлэх авсан бол мөн яаж УИХ-ын гишүүний тангараг өргөх вэ гэдгийг зааж өгсөн юм байна. Гэхдээ тус бүлгийн гишүүд төслийг хойшлуулах болсон үндэслэлээ УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд үе үе жижиг заалт нэмэх замаар гар хүрэх нь зохимжгүй. Тэр тусмаа УИХ-ын 76 гишүүн бүрдчихсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа үед яаралтай гишүүн тангараг өргөх асуудал нь тулгамдсан зүйл биш хэмээн үзсэн юм байна. “Хэрвээ хуульд өөрчлөлт оруулна гэвэл хавар, намрын чуулганы нээлтэд УИХ дахь намын бүлгүүд байр сууриа албан ёсоор илэрхийлдэг байх, улсын төсөв, нийгэм эдийн засгийг хөгжүүлэх хөтөлбөр зэрэг томоохон асуудлуудад намын бүлэг байр сууриа илэрхийлдэг байхаар асуудлыг өргөн хүрээнд харах нь чухал байна” гэж үзэж буйгаа тус намын бүлгийн дарга Н.Батцэрэг мэдэгдлээ. 

Бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь энэ долоо хоногт байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж эхлэх Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл байжээ. Эл төслийг бүлэг дэмжсэн байна. Төсөлд компани байгуулах шаардлагыг олон улсын жишигт нийцүүлэх, хувьцаат болон хязгаарлагдмал хариуцлагатай компанид тодорхой хувь эзэмшиж байгаад түүнийгээ зарсан нөхцөлд яах вэ гэдгийг маш нарийн зохицуулсан заалт төсөлд туссан тул бүлгийн гишүүдийн дэмжлэг хүлээсэн юм байна.

Мөн энэ өдрийн хуралдаанд Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян, Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг нар салбарын яамны хүрээнд хийгдэж байгаа ажлуудын талаар тодорхой мэдээлэл хийж, үүрэг чиглэл авчээ. Тухайлбал, Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг “Иргэдийг ажлын байраар хангах мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд мэргэжилтэй ажилтан бэлтгэх хүрээнд ямар бодлого дэвшүүлэн ажиллаж байгаа. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд хэдий хэмжээний зээлийг олгосон, цаашид энэ чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжсэнээр хэдий хэмжээний ажлын байр шинээр бий болох боломжтой байгаа талаар мэдээлэл өгч гишүүдийн асуултад хариулт өгчээ. Хууль зүйн сайд Э.Эрдэнэжамъян эрх зүйн салбарыг шинэчлэх хүрээнд хийгдэж байгаа ажил, гэмт хэргийн улмаас урьдчилан сэргийлэх чиглэлээр мөн хэрэгжүүлж буй ажлын талаар тус бүр мэдээлэл хийсэн юм байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж