Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 7000 гаруй иргэн ял эдэлдэг. Энэхүү Өршөөлийн хуулийг УИХ-аас баталсан нөхцөлд 3000 орчим нь чөлөөлөгдөнө. Хуулийн төсөлд шүүхийн шийдвэрээр анх удаа ял сонсон, түүнийгээ эдэлж байгаа, ингэхдээ улсад учруулсан хохирлыг бүрэн гүйцэд барагдуулсан нөхцөлд Өршөөлийн хуульд хамрагдана хэмээн зааж өгчээ.Ингэхдээ гурав хүртэлх жилийн ял сонссон хэрэгтэн Өршөөлийн хуульд хамрагдана. Мөн албан тушаалаа ашиглан гэмт хэрэг үйлдсэн бол ял эдлэх хугацааных нь 50 хувийг хөнгөлөх зэрэг заалтыг тусгаад байгаа аж.
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарт “Эл хууль УИХ-аас батлагдсан нөхцөлд Улсын Дээд Шүүхээс 2.6 жилийн ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаяр хамрагдах уу” гэсэн асуулт тавихад “Энэ хуулийг хэн нэг хүнд зориулж санаачлаагүй, хуульд заасан заалтын хүрээнд асуудал шийдвэрлэгдэнэ” гэж хариулсан бол УИХ-ын гишүүн Л.Цог “Өршөөлийн тухай хууль УИХ-аар батлагдсан нөхцөлд Н.Энхбаяр дарга хамрагдах нь тодорхой. Бидний хувьд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй зүйлд түүнд шүүхээс ял өгсөн гэж үздэг” гэсэн хариулт өглөө. Тодруулахад, Өршөөлийн тухай хуулийн төслийг дэмжиж одоогийн байдлаар УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд гарын үсэг зураад байгаа бол Ардчилсан намаас Б.Ганбат, Ж.Батзандан, Д.Арвин нар, Монгол Ардын намаас Д.Хаянхярваа, Б.Чойжилсүрэн, бие даагч гишүүдээс С.Ганбаатар нар гарын үсэг зураад байгаа юм. Одоогийн байдлаар хуулийн төслийг дэмжиж 10 гаруй гишүүн гарын үсэг зурсан бол дэмжиж буйгаа илэрхийлсэн, гарын үсгээ хараахан зурж амжаагүй мөн 10 гаруй УИХ-ын гишүүн байгааг хурал хийлгэсэн гишүүд онцолж байлаа.