-Та тэгээд хүүхдийн баяраар хамт байхгүй юм уу. Аав аа, та хэзээ гэртээ ирэх юм бэ?
-Аав нь наадмаар очно. Тэгээд бүгдээрээ хамт хуушуур иднэ ээ…
Бяцхан охиноо энгэртээ тэврэн үнсэх энэ аав эрх чөлөөгөө хязгаарлуулжээ. Амьдын хагацал аав, охин хоёроор дуусахгүй. Хажууханд нь харваас гэрлээд удаагүй ч хагацлын зовлонг эдэлж буй хосууд тэврэлдэн зогсох нь харагдав. Хацрынх нь үрчлээг даган урсах нулимсаа хүүгээсээ нуун ханцуйгаараа арчих буурай хөл алдсан хүүдээ “Ажил сайн хийж, даргынхаа үгэнд сайн ороорой” гэж дахин дахин сануулангаа, авчирсан цайнаасаа аягална…
Баянзүрх дүүргийн Амгаланд байрлах хорих 421-р анги. Эднийх бямба гаригт Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, хүмүүжигчдийг ар гэрийхэнтэй нь уулзуулав. Хүмүүжигчдийн магнай тэнийж, ах дүүст нь хаалга нээгджээ.
“Өнөөдрийн хүмүүжигчид ар гэрийхэнтэйгээ уулзаад сайхан байна. Үүнээс гадна бид бас нэг том ажил амжуулсан” гэж хоригдлуудтайгаа зэрэгцэн баярлах нийгмийн ажилтан, хошууч Д.Намгэрэл биднийг угтсан юм.
Хүнд гэмтэл учруулж, таван жилийн хорих ял авсан хүмүүжигч н.Баасанхүү тус хорих ангид ирээд гурван жил болж байгаа аж. Түүний хувьд ээжтэйгээ хоёул амьдарч байсан ч хамаатнууд нь ээжийг нь авч явснаар сураг тасарчээ. Ээж нь ч мөн энэ хугацаанд хүүгээ хайсан боловч сураг тасарсан учраас хамаатан садангийнхнаараа хоноглож, элгээ эмтэлж явснаа ч биднээс нуугаагүй юм. Харин хошууч Д.Намгэрэл сүүлийн хоёр сарын турш н.Баасанхүүгийн ээжийг хайсаар энэ өдөр уулзуулахаар авчирсан байж.
Наян нас шүргэж яваа буурал “Үртэйгээ уулзахсан, яаж яваа бол гэсэн зовнил гурван жилийн турш бүтэн нойртой хонуулаагүй” хэмээн нулимсаа арчина. Хүмүүжигч н.Баасанхүү “Миний ээж уг нь алдартай бариач хүн. Бид хоёр өөрийн гэсэн байр сууцтай, сайхан амьдарч байлаа. Гэтэл нэг өдөр ээжийн дүү ирж, гэртээ аваачина гээд ээжийг маань аваад явсан. Тэрнээс хойш хоёр сар гаруй хугацаа өнгөрчихөөд байхад ээжийг маань авчирахгүй болохоор ньгэрт нь яваад очтол хашаагаа зараад нүүчихсэн байсан. Би их удаан хайсан. Хайж яваад энд ороод ирсэн. Ээжтэйгээ уулзахсан гэж маш их хүсч байсан. Хүүгээ уучлаарай, ээж ээ” хэмээн нулимсаа барьж ядна.
Холоос, ойроос ирсэн үр хүүхэд, аав ээж, ханьтайгаа уулзаж, авсан цалингаа ар гэрийхэндээ өгч буй эрхээ хасуулсан хүмүүсийн хувьд энэ өдөр эрх чөлөөтэй, цээж дүүрэн амьсгалтай өдөр байлаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хүмүүжигчдийг хөдөлмөр эрхлүүлэх, улсад болон хувь хүнд учруулсан хохирлыг барагдуулах, тэдний нийгмийн асуудалд анхаарч хөдөлмөр эрхлүүлэх ажлыг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрчээ. Хүмүүжигчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний цалин, урамшуулал авч, түүнийгээ ар гэрийхэндээ олгож, улсад болон хувь хүнд учруулсан хохирлоо барагдуулахад нь нэмэр болдог аж. Харин хүмүүжигчид ажил хийж, нэрийн дансандаа хамгийн их мөнгө цуглуулсан хорих анги нь 421-р анги байсан юм. Өөрөөр хэлбэл, хорих 421-р ангийн хүмүүжигчид 2013 оны эхний таван сарын байдлаар 30 сая 548 мянган төгрөгийн цалинтай хөдөлмөр эрхэлсэн байна. Харин энэ мөнгөнөөс хүмүүжигчдийн ар гэрт нэг сая 200 мянган төгрөг, улсад учруулсан хохирлыг барагдуулахаар зургаан сая 917 мянган төгрөг зарцуулсан байна. Хорих 421-р ангийн дарга Г.Тэрбиш “Улсын хэмжээнд манай хорих ангийн хүмүүжигчид хамгийн их цалинг нэрийн дансандаа байршуулж чадсан. Тиймээс бид нээлттэй өдөрлөг зохион байгуулж байгаа юм. Сар бүр нээлттэй өдөрлөг зохион байгуулж байгаа ч энгийн дэглэмтэй хорих анги учраас ар гэрийхэн нь эргэлтээр ирэхдээ байнга уулзуулдаг. Хүмүүжигчдийн хувьд өвлийн улиралд МСҮТ-ийн багш нараар хичээл заалгаж, барилгын мэргэжил, үнэмлэхтэй болж байна. Харин зуны улиралд барилгын ажил хийж, өөрсдийн эзэмшсэн мэргэжлийн дагуу ажил хийж цалин авдаг юм. Олсон мөнгөө ар гэрийнхэндээ өгнө, хадгална, эсвэл хохирол барагдуулах гээд олон сонголт тэдэнд бий. Хамгийн чухал нь бид энэ хүмүүсийг нийгэмшүүлэх, ажилтай, мэргэжилтэй болгоход нь илүү их анхаарч ажилладаг” гэлээ.
Хорих 421-р анги нь нийт 400 гаруй хүмүүжигчтэйгээс олонхи нь бага ялтай хүмүүжигчид байдаг аж. Хүмүүжигчид ял эдлэх биш жинхэнэ утгаар нь хүмүүжиж, мэргэжилтэй болж, хөдөлмөр эрхэлж байгаагаараа торны цаана ч гэсэн эрх чөлөө байдгийг харуулах ажээ.