
Аймгийн Засаг дарга Х.Дармен уулзалтын эхэнд Монгол Улсын Засгийн газраас баруун бүсийн аймгууд хөрш зэргэлдээ ОХУ-ын муж улсуудтай найрсаг харилцаатай байх талаар үүрэг даалгавар өгснийг дурьдаад, ажлаа аваад анхны гадаад оронд хийж байгаа айлчлалаа хөрш зэргэлдээ Алтай мужаас эхэлж байгаа нь манай хоёр ард түмний уламжлалт сайн хөршийн найрсаг харилцааг үргэлжлүүлэн бэхжүүлж, газарзүйн хувьд ашигтай байрлалтай манай хоёр хязгаар нутагт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нөхцлийг бүрдүүлэх, хил орчмын малын хулгайтай хамтран тэмцэх, Монгол улсаас ОХУ-д экспортлох бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлэх, ОХУ-Өлгий-Тайкешкен, ОХУ-Өлгий-Даянгийн чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажлыг дуусгах, хөрөнгө оруулалт татах зорилготой байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Шинэчлэлийн Засгийн газраас баримталж буй гол бодлогоос танилцуулан бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон ажлуудаас товч дурьдаж, Алтай мужтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хэд хэдэн санал дэвшүүлсэн байна.