Хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.20-нд нийтлэгдсэн

Хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ

УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн зарим асуудал, шинэ долоо хоногийн үйл явдлын тоймын талаар Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл баасан гарагт хуралдаж, УИХ-ын энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуваарийг хэлэлцэж баталсан талаар эхлээд товч мэдээлэв. Хуваарь ёсоор өнөөдөр УИХ дахь намын бүлгүүдээс гадна Химийн хорт болон аюултай бодисын тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай, Цагдаагийн албаны тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх эрх зүйн туслалцааны тухай зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Эмнэлгийн барилгын өнөөгийн байдалтай танилцах, үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах зэрэг 8 ажлын хэсэг хуралдана. Мөн маргааш Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, Маршалын албаны тухай, Хилийн боомтын тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төслүүд боловсруулах зэрэг 7 ажлын хэсэг, пүрэв гарагт Газрын кадастрын тухай, Газрын тухай хуулийн төслийн 2 ажлын хэсэг хуралдахаар төлөвлөөд байгаа аж.

Байнгын хороодын тухайд маргааш Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар “Боловсролын салбарын шинэчлэл” сэдвээр сайд Л.Гантөмөрийн мэдээллийг сонсох бол Төрийн байгуулалтын байнгын хороо Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдан Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, мөн гишүүн Р.Бурмаагийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Харин лхагва гарагт Эдийн засгийн байнгын хороо Улсын төсвийн болон Хөгжлийн банкны санхүүжилтээр 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлын явц, байдлын талаар Эрчим хүчний сайд М.Сономпилын мэдээлэл; УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Монгол Улсын эдийн засгийн гадаад, дотоод орчин, хөгжлийн явц байдалд судалгаа дүгнэлт хийх, цаашид баримтлах чиг хандлага, даруй авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсох бол Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 55 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар, мөн Y цахилгаан станц барих газрын сонголтын талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн болон Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөжээ. Мөн энэ өдөр Төсвийн болон Хууль зүйн байнгын хороод бас хуралдана. Түүнчлэн Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд өнөөдөр үдээс хойш Төв аймгийн нутгийн өөрөө удирдах байгууллагын болон УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах төвийн ажилтай танилцах бол Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо лхагва гарагт ”Хүүхэд харах үйлчилгээ” сэдэвт уулзалт, ярилцлага зохион байгуулахаар төлөвлөөд байгааг тэрээр дурдлаа.

Харин энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, уг хуулийг дагалдан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлахын зэрэгцээ Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төсөл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл; “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Мөн Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхийн зэрэгцээ “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай”; “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Түүнчлэн “Засгийн газрын цаг”-аар УИХ-ын зарим гишүүний асуулгын хариуг сонсохоор төлөвлөснийг мэдээлэв.

Тэрээр мэдээлэлдээ УИХ өнгөрсөн долоо хоногт хууль улс орны нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж шийдвэрлэснийг дурдлаа. Тухайлахад энэ өдрүүдэд нэг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон түүнийг дагалдуулан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж, нэг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр шийдвэрлэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болсон. Мөн Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төсөл, Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Түүнчлэн 1.5 тэрбум ам.долларын Засгийн газрын үнэт цаасны зарцуулалтын талаар Ерөнхий сайдын мэдээллийг чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсож, хуулийн дагуу УИХ дахь цөөнхийн бүлэг энэ асуудалтай холбогдуулан бүлгийн санал, дүгнэлтээ танилцуулж Ерөнхий сайд болон Засгийн газрын холбогдох гишүүдээс асуулт асууж хариулт авсан нь “Чингис” бондын зарцуулалтын талаар олон нийтэд зөв мэдээлэл өгөх, улстөрчдийн ойлголтын зөрүү, байр суурийг ойртуулахад тустай болсныг онцоллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж