Сирийн арми босогчдын эсрэг довтолгоо хийв

Хуучирсан мэдээ: 2013.05.20-нд нийтлэгдсэн

Сирийн арми босогчдын эсрэг довтолгоо хийв

Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадын Засгийн газрын армийн зүгээс  босогчдын эсрэг хүчтэй довтолгоонд орсон тухай ВВС мэдээлжээ. Сирийн арми өчигдөр босогчдын хүч төвлөрсөн Эль-Кусайр хот руу өргөн хүрээтэй довтолгоо хийсэн байна. Босогчид болон армийнхны хоорондох ширүүн тулалдааны улмаас 50 гаруй хүн амь үрэгдсний гурав нь энгийн иргэн байжээ. Сирийн мэдээллийн агентлагийн мэдээлснээр Эль-Кусайр хотыг босогчдоос чөлөөлөх тулалдааны үеэр армийн цэргүүд тус хотод бүгсэн олон тооны гадаадын террористуудыг хөнөөжээ. Түүнчлэн “Associated Press” агентлагт мэдээлснээр Сирийн армийн зүгээс Эль-Кусайр хотын байшин, барилга бүрийг нэгжин дайралт  хийсэн байна.

Сирид хоёр жил гаруй үргэлжилж, 80 мянга гаруй хүний аминд хүрээд буй иргэний дайнд Ливаны Хезболлах бүлэглэл дарангуйлагч Башар аль-Ассадын талд дэмжлэг үзүүлэн, хамтарч байгаа бол босогчидтой Суннитын зэвсэгт дайчид нэгдээд байгаа юм. Үүний зэрэгцээ Сирийн армийн зүгээс босогчдод эзлэгдээд байсан Ливан, Йорданы хилийн ойролцоох ихэнхи хот, тосгодод хяналт тогтоогоод байгаа аж.  Ливаны хилийн ойролцоо орших Эль-Кусайр хот нь 30 мянга гаруй хүн амтай аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж